Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дахиад шилжүүллээ. Тэрбээр эрх мэдлээ ашиглан аж ахуйн нэгжийг “шантаажилж” хахууль авсан хэрэгт холбогдсон билээ.
Гэвч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны арванхоёрдугаар сард хэлэлцээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээсэн юм. Ингэснээр прокурор шүүхээс даалгасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ын мөрдөгчдөөр хийлгээд дахин яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болов. ГЗБГЗЗГ-аас 2020 оны гуравдугаар сард “Орон зайн мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан байдаг. 2.6 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй эл тендерт Г.Хатанболд гэх эцсийн өмчлөгчтэй “Ютилитисолюшн” ХХК шалгарсан аж. Гэтэл ГЗБГЗЗГ-ын даргаар ажиллаж байхдаа Ц.Ганхүү эл компанийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан С.Амарсанаагаар эд материал, бараа бүтээгдэхүүний үнийг төлүүлж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгагдсан билээ. Тодруулбал, С.Амарсанаагаар 2021 оны нэгдүгээр сард “Монгол нутгийн зургийн бүртгэл” номын хэвлэлтийн зардалд зориулан 2.9, ойн медалийн төлбөрт 5.7, Ipad-ийн үнэ 3.7 сая төгрөгийг Ц.Ганхүү төлүүлсэн хэмээн шалгуулсан. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дархан цаазат Богд хан уулын хамгаалалтад байдаг хуучнаар Бугын гэх, өдгөө Ар хөндлөнгийн хэмээн нэрийдэж буй аманд ГЗБГЗЗГ-ын ажиллагсдын зуслангийн газарт гүний гурван худаг ухсан төлбөр 35.6 сая төгрөгийг дээрх “Ютилитисолюшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Амарсанаагаас гаргуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.