Засгийн газрын хуралдаанаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) тооцох аргачлалд өөрчлөлт оруулсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэхдээ, өмнөх тогтоолоор жишиг үнээр АМНАТ тооцож, бодит үнээс өндөр төлбөр авдаг байсан нь аж ахуй нэгжид дарамт үүсгэж байсныг онцлов.
Жишээ нь:
- Баяжуулсан коксжих нүүрс – 22.6%
- Хайлуур жонш – 54.3%
- Төмрийн хүдэр – 26.6% илүү үнээр тооцож байсан аж.
“Түүхий эдийн үнэ өндөр үед компаниуд тэсч байсан ч, үнэ буурахад алдагдалд орж, үйл ажиллагаа доголдож байна. Тиймээс бид бодит үнэлгээнд тулгуурласан, биржийн үнээр тооцдог зарчимд шилжиж байна.
Шинэ журамд зааснаар аж ахуй нэгж бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалбал нийт бүтээгдэхүүнийхээ үнэлгээг биржийн дүнгээр тооцож АМНАТ төлнө. Ингэснээр биржийн арилжааны идэвх нэмэгдэж, улсын төсөвт 100 тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрөх тооцоо гарсан.
Мөн өмнөх зохицуулалтын улмаас 47 боловсруулах үйлдвэр зогссон байсныг засах шийдвэр гарлаа. Өмнө нь төрийн өмчит компаниас (Эрдэнэс Тавантолгой, Дархан төмөрлөг, Эрдэнэс Критикал гэх мэт) түүхий эд авч боловсруулсан бүтээгдэхүүнийг хилээр гаргахад бүртгэхгүй байсан тул аж ахуй нэгжүүд хохирдог байсан.
Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын биржийн тухай хуулиараа биржээр худалдан авсан байх шаардлага тавьдаг, энэнээс шалтгаалж аж ахуй нэгжид хүндрэл үүсэж, үйлдвэр технологийн паркийн томоохон бодлого зогссон.
Жишээлбэл, Алтанширээтийн үйлдвэр технологийн паркт байрлах хорголжин тэжээлийн үйлдвэр дээрх бодлогын зөрчилөөс болж хоёр жил зогссон байсан. Харин одоо 30 гаруй аж ахуй нэгжийн 55 гэрээгээр 100 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдэж байна" гэв.
Түүнчлэн, Засгийн газрын тэмдэглэлээр түр журам мөрдөж, цаашид Ашигт малтмалын биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байна. Энэ нь боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг экспортлох шинэ гарцыг нээж байгааг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.