Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар хэвлэлийн бага хурал зарлаж, “Уул уурхайн 7 хоног-2025” арга хэмжээний талаар мэдээлэл хийв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран “MiningWeek & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтыг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн арга хэмжээ “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт & Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд болох юм.
Эрдэс баялгийн салбарын хамгийн том арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны танхимууд, дотоод, гадаадын зочид болон салбарын мэргэжилтнүүд оролцоно.
Олон улсын нэр хүндтэй салбарын холбоод оролцох бөгөөд тухайлбал, "Тогтвортой Хариуцлагатай Уул уурхай” (TSM) стандартыг боловсруулсан Канадын Уул уурхайн ассоциаци, хөрөнгө оруулалт болон экспортыг өргөжүүлэх чиглэлээр МУУҮА-тай хамтран ажиллаж буй Хятадын Уул уурхайн ассоциаци өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцоно.
“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээ нь тогтвортой хөгжлийн бодлого, хариуцлагатай уул уурхай, хөрөнгө оруулалт, олон улсын чиг хандлага, геологийн судалгаа, хайгуул, шинэ эрчим хүч, газрын тосны салбарын сорилт, дэвшилтэт технологи зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарч, оролцогч талууд үйлдвэржилтийн гинжин хэлхээг тогтвортой хангах, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх бодлого, чиг хандлагыг хэлэлцэх юм.
“MinePro 2025” үзэсгэлэнд ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд, уул уурхайн томоохон төслүүд, олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, зөвлөх болон технологийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд оролцох тул сонирхогч талууд мэдээлэл солилцож, бизнесийн хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжтой.
“MiningWeek & MinePro 2025” -ын онцлох хэсэг нь уул уурхайн салбарын Хөдөлмөрийн яармаг бөгөөд компаниуд нээлттэй ажлын байраа танилцуулж, ажил мэргэжлийн зөвлөгөө өгч, ярилцлага өрнүүлнэ.
Уул уурхайн 7 хоногийн гурав дахь өдөр залууст чиглэсэн салбарын шинэ технологи, ажил мэргэжил, сонирхсон чиглэлээр мэдээлэл авах “Future Engineers” арга хэмжээ болон “Уурхайчдын наадам” болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.