Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албыг цомхон, чадварлаг болгох асуудлыг хэлэлцлээ. Өмнө нь орон тооны цомхотголыг Г.Занданшатарын Засгийн газар өөрөөсөө эхэлсэн. Тухайлбал, 280 гаруй газар хэлтсийн даргыг 81-ээр цөөлж 6.3 тэрбум төгрөг хэмнэлт хийх шийдвэр гаргасан. Үйл ажиллагааны зардал ихтэй, чиг үүргийн давхардал ихтэй үндэсний хороодыг татан буулгасан. Нийт 29 үндэсний хороо татан буугдсан. Үүгээр 146 орон тоо хасагдаж жил бүр 41.6 тэрбумыг хэмнэх боломж бүрдсэн. Харин өнөөдөр агентлагийн бүтэц орон тоог арилгах тогтоолын төслийг баталлаа. 35 агентлагийн нийт орон тооны хязгаар 3353 байсныг 3052 болгож буурууллаа. Газар, хэлтэс, тасаг, албадын тоог цөөлсөн. Нийт орон тоог 301-ээр багасгасан гэсэн үг. Улмаар дарга нарын тоо 54-өөр буурна. Энэ хүрээнд 10 орчим тэрбумыг хэмнэлт бий болно. Нийт 60 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болголоо.
Ер нь нэг дор 9 хувийн цомхотгол хийх биш, тодорхой үе шаттайгаар ажиллахыг зөвлөнө. Шаардлагатай орон тоог хадгалж үлдэх боломжийг сайд, агентлагийн дарга нарт бий болгож байгаа. Агентлагууд орлогч дарга, дэд даргагүй байна. Зохион байгуулалтын бүтцийн нэгж, чиг үүрэг хоорондоо давхцахгүй. Яамны чиг үүрэг агентлагтай давхцахгүй гэсэн үг.Агентлагийн бүтцийн нэгж нь газар, хэлтэс, алба, тасаг гэж байсан бол одоо зөвхөн газар, хэлтэстэй байна.
Тогтоолын хэрэгжилтэд ЗГХЭГ хяналт тавьж ажиллана. Цаашид төрийн албаны шинэчлэлийг хийнэ. Энэ хүрээнд төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганд өргөн барьж хэлэлцүүлнэ. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгоно.
Өмнө нь төрийн албан хаагчдын ажлыг 99 хувь нь сайн ажиллаж байна гэж үнэлэгддэг байсан. Гэтэл иргэдийн үнэлгээ 40 орчим хувь байна гэдэг. Харин УИХ-аас 60 орчим хувьтай гэж үнэлдэг. Засгиын газар 70 гэдэг. Хэн үнэлснээс шалтгаалж зөрүүтэй гардаг. Үүнийг бид иргэдээр үнэлүүлдэг болно.
Цаашид төрийн албанд сайн ажиллаж байгаа, хүнд сурталгүй хүнийг урамшуулна, дэмжинэ. Хариуцлагагүй цаг хийдүүлдэг цаас зөөдөг, дарга нарын татаас түлхээсний хүмүүст хариуцлага тооцно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.