Нийслэл хотод өнөөдөр усархаг бороо үргэлжлэн орно. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай штабаас нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Цаг уурын байгууллагаас өнөөдөр 05:00-07:00, 14:00-16:00, 20:00-00:00 цагийн хооронд усархаг бороо орохыг мэдээлж, сэрэмжлүүлж байна. Улаанбаатар хотод өнөөдөр 05:00-07:00 цагийн хооронд 1.5-3 мм хэмжээтэй бороо орсон байна. Улаанбаатар хотод 15:00 цагаас хойш усархаг аадар бороо орно, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрнэ гэсэн таамгийг мэргэжлийн байгууллагаас хүргүүлжээ. Иймд Үдээс хойш орох борооны эрчим нэмэгдэх тул шуурхай албад онцгойлон бэлтгэл ханган ажиллаж байна.
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр үүсэж болзошгүй эрсдэлийг тооцоолон дүүргүүдийн шуурхай штаб, Засаг дарга нарт үүрэг өгчээ. Тодруулбал, үер ус тогтож болзошгүй 95 цэгт бэлтгэл, бэлэн байдлыг хангах, В1 давхар зэрэг цахилгааны систем, авто зогсоол байрладаг хэсэгт хамгаалалтын далан үүсгэх зэрэг үүрэг өгчээ.
Түүнчлэн УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан "Төрийн захиргаа, холбогдох мэргэжлийн байгууллагууд өнөөдөр уртасгасан цагаар ажиллана, тиймээс цагтаа тарна гэдэг асуудал байж болохгүй” гэдэг үүрэг, даалгаврыг өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.