Э.Батамгалан сайд Говь-Сүмбэр аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилд "санаа тавив"

Э.Батамгалан сайд Говь-Сүмбэр аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилд "санаа тавив"
 
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өчигдөр /2025.08.15/ Говьсүмбэр аймгийн “УС-ДУ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын /ОНӨААТҮГ/ 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тайлантай танилцав. 
 
“УС-ДУ” ОНӨААТҮГ нь 2025 онд 1615 айл өрх, 30 төсөвт байгууллага, 96 ААН байгууллагын хэрэглэгчдийг ус дулаан хангамжаар хангажээ.
 
Тус газар нь өвөлжилтийн бэлтгэл хангахаар 32 нэр төрлийн ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 100 хувийн биелэлттэй 10 ажил 50-67 хувийн биелэлттэй 5 ажил байна. Төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 58 хувьтай үргэлжилж байгаа талаар “УС-ДУ” ОНӨААТҮГ-ын захирал Б.Ганзориг танилцуулгадаа дурдав.
 
Түүнчлэн 2025 онд ажилтан албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлж дундаж цалин 1.9 сая төгрөг болж өсжээ. Ийнхүү үе шаттайгаар цалингаа нэмэхгүй бол ажилчдаа уул уурхайн салбарт алдах эрсдэлтэй байгаа талаар албаныхан хэлж байв.
Өнөөдрийн байдлаар тус газарт тулгамдаж буй хэд, хэдэн асуудлын талаар “УС-ДУ” ОНӨААТҮГ-ын захирал Б.Ганзориг салбарын сайдад уламжлав.
 
Тус аймгийн нийт шугам сүлжээний 50 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй болжээ. Тиймээс аймгийн төвийн дулаан хангамжийн эх үүсвэрийн өргөтгөл шинэчлэлт хийх, Ганзам багийн 1,2,3 дугаар зуухны насжилт өндөртэй шугам сүлжээг өргөтгөх шинэчлэх ажлын хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай болжээ.
 
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан дээрх асуудлыг шийдвэрлэх хөрөнгө мөнгийг холбогдох байгууллагуудтай хамтран ирэх оны төсөвт суулгах талаар ярилцана гэдгээ илэрхийлээд салбар яамтай уялдаа холбоотой, хурдан шуурхай ажиллах үүрэг чиглэл өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.