Сургууль, цэцэрлэг орох дөхлөө. Боловсролын яам, Боловсролын сайд нь хурлын өрөө тохижуулахад 1.3 тэрбум төгрөг зарцуулаад явж байхад шинээр ашиглалтад ороход бэлэн болсон сургууль, цэцэрлэгүүд нь сандал, ширээгүй, тохижилт байхгүй саатжээ. Энэ асуудалд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өөрийн цахим хуудастаа мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн байгаа ч ширээ сандал, ор хэрэгсэлгүй сургууль, цэцэрлэгийн асуудлыг яаралтай шийдэхийг шаардаж байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:
-Тэрбумын үнэтэй зөөлөн сандал, тансаг буйдан яах вэ П.Наранбаяр сайд аа. Сандал, ширээгүйн улмаас ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгүүд хичээллэх эсэх нь тодорхойгүй байна. Нийслэлийн удирдлага сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, таатай орчин бүрдүүлэх хүрээнд онцгой анхаарч, чармайн ажиллаж байна. Зөвхөн энэ онд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлснээс яг өнөөдрийн байдлаар 15 нь хүүхдүүдээ авахад бэлэн болоод байна.
Тун удахгүй нэмж 20 сургууль, цэцэрлэг ашиглалтад орно. Гэвч 5 дүүргийн 13 сургуульд ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо алга. Үүний улмаас 10.500 гаруй хүүхэд суралцах боломжгүй боллоо. Хэмхэрч унахдаа тулсан ширээ, сандалтай сургуулиудыг дурдалгүй орхилоо. Мөн 5 дүүргийн 20 цэцэрлэгт 3740 хүүхэд унтах ор, зөөлөн эдлэл, хоол хийх гал тогооны төхөөрөмж алга. Бүтэн 8 сарын хугацаанд /2025.01.01-08.14/ Боловсролын яам нь өөрийн чиг үүргийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн ширээ, сандал, самбар, зөөлөн болон хатуу эдлэлийг бэлтгэхээ мартаж зугаа цэнгэл, баяр наадам, ойн баяруудаар хэссэний гор энэ.
Шаардлага тавихаар урдаас боломжгүй, та нар яах гэж хугацаанаас нь өмнө барилга ашиглалтад оруулаад байгаа юм гээд сууж байгаа нь үнэхээр уур хүрэм, харамсалтай байна. Боловсролын салбарын бүх ямбыг яам өөрөө тултал нь эдэлнэ, харин ялыг нь нийслэл, дүүрэг үүрдэг баймааргүй байна гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.