Боловсролын яам өнгөрсөн дөрөвдүгээр сард нэг тэрбум төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийн тендер зарлаж, гүйцэтгүүлсэн мэдээлэл гарч, шүүмжлэл дагуулж байна.
Тодруулбал, тендерээр, албан хэрэгцээнд мэргэжлийн камер дрон, гэрэл зургийн аппарат, цаасгүй төхөөрөмж буюу хуралд хэрэглэх дэлгэц, чанга яригч, процессор, проектор. Мөн цаасгүй хурлын өрөөнд зориулж суухад зориулсан ширээ, хүзүү амраагчтай налуу градуст тохируулах буюу нурууны байрлалд тохируулсан арьсан бүрээстэй дугуйтай сандал зэргийг худалдан авчээ.
Энэ асуудалдаа Боловсролын яамнаас дараах тайлбарыг хүргэв.
-2025 оны улсын төсвийн хүрээнд Боловсролын салбарын албан хэрэгцээнд зориулсан тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийгдэж байна.
Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж гүйцэтгэгчээр “Фэйд Трий” ХХК шалгарч, 969.7 сая төгрөгийн гэрээ байгуулсан болно.
Гэрээний дагуу цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг нийт 40 төрлийн 182 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм.
Боловсролын цахим шилжилтийн хүрээнд олон улсын чанартай хурал, уулзалтууд зохион байгуулах нөхцөлийг хангах, цаасгүй хурлын өрөөг бий болгож, цахимаар үйл ажиллагаа явуулах, төсвийн хэмнэлт бий болгох, серверийн ачааллыг бууруулах зэрэг олон талын үр ашигтай юм гэжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.