Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн үдэлтийн хүлээн авалт боллоо

Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн үдэлтийн хүлээн авалт боллоо

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ИГАВАХАРА Масарүгийн зүгээс зохион байгуулж буй “Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн магистрын 23 дугаар ээлж, докторын 8 дугаар ээлжийн оюутнуудын үдэлтийн хүлээн авалт 8 дугаар сарын 2-ны өдрийн 18 цагт Элчин сайдын өргөөнд боллоо.

“Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр” нь 1999 оноос хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд уг хөтөлбөрийг ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд манлайлах үүрэг гүйцэтгэх чадварлаг боловсон хүчнийг Япон улсад суралцуулж, улмаар төгсөж ирснээр эзэмшсэн мэргэжил, чадвараараа эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үр бүтээлтэй ашиглах зорилгоор хэрэгжүүлж байна.

Өдгөө Зүүн Өмнөд Азийн орнууд зонхилсон 20 гаруй улсад уг хөтөлбөр хэрэгжиж буй тус хөтөлбөрөөр өнөөг хүртэл нийт 6,000 гаруй залуус Япон улсад суралцаж байна. Энэ хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба өнөөг хүртэл нийт 416 оюутан залуус Япон улсад суралцаад байна. Үүнээс 374 оюутан магистрын хөтөлбөрт, 6 оюутан докторын хөтөлбөрт хамрагдан төгсөж ирээд Засгийн газрын байгууллагууд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт амжилттай ажиллаж байна.

JDS хөтөлбөрийн 23 дугаар ээлжээр Сайтамагийн их сургуульд 2, Мэйжигийн их сургуульд 2, Кюүшүгийн их сургуульд 1, Хирошимагийн их сургуульд 2, Олон улсын их сургуульд 4, Нагаокагийн технологийн их сургуульд 1, Цүкүбагийн их сургуульд 3 оюутан буюу нийт 15 оюутан магистрантурт суралцана. Мөн 2016 оноос хэрэгжиж эхэлсэн докторын хөтөлбөрийн 8 дугаар ээлжээр Сайтамагийн их сургуульд 1 оюутан суралцах юм.

 Энэхүү хөтөлбөрийн шугамаар суралцах оюутан залуус нь буцаж ирээд тус тусын салбарт үр бүтээлтэй ажиллаж, манай 2 орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. Үдэлтийн арга хэмжээг зохион байгуулснаар Монгол Улсын Засгийн газар болон Улсын Их Хурлын холбогдох албаны хүмүүс, JDS төгсөгчдийг урин, JDS магистрын хөтөлбөрийн 23 дугаар ээлж, докторын хөтөлбөрийн 8 дугаар ээлжийн оюутнуудад баяр хүргэж, хоёр орны цаашдын харилцааг улам ихээр хөгжүүлэх үндэс суурьтай холбож ажиллалаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.