Б.Мөнхтамир: Нислэг хойшлогдох, түр саатах, шалгахаар буух зэрэг нь аюулгүй ажиллагааг хангах зорилготой

Монголын Иргэний Агаарын Тээвэр (МИАТ) ТӨХК-ийн нислэгт ойрын хугацаанд хоёр ч удаа асуудал гарч, зорчигчдод чирэгдэл учруулсан гэх мэдээлэл гараад буй.
Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б. Мөнхтамираас тодрууллаа.

"МИАТ ТӨХК"-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир:

Нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангуулах зорилгоор авиа компаниудад ийм хэмжээний дутагдал гарч байдаг. Хоёр тохиолдол гарсны эхнийх нь долдугаар сард, дараагийнх нь наймдугаар сард гарсан. Бээжин-Улаанбаатар чиглэлийн Боинг 737 онгоц хөөрсний дараа агаарын хөлгийн дарга болон хамтран нисгэгчийн хурдны хэмжүүр зөрүүтэй гэх мэдэгдэл гарсан. Энэ тохиолдолд дүрмийн дагуу заавал бууж шалгах ёстой. Нислэгийн аюулгүй ажиллагааг хангахын тулд хийж байгаа үйлдэл болохоос аюулгүй ажиллагаанд асуудал тулгарсан гэсэн үг биш. Иймд онгоцыг буцааж Чингис хаан нисэх буудалд буулган шалгаад хоёр цагийн дотор нисгэсэн.

Дараагийн тохиолдол нь наймдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар чиглэлийн Боинг 737 8 МАХ онгоц маань наашаа ниссэнээс цаг орчмын дараа "онгоцны кабин доторх агаарын даралт унаж байна" гэсэн мэдээлэл нисгэгчийн кабинд гарч ирсэн. Нисгэгч үүнийг шалгаж үзээд аюулгүй өндөрт буюу тухайн үед 34,000 орчим ft дээр явсан бол 15,000 ft-ээс доош нам дор орох ёстой байдаг. Километрээр хэлбэл 2-3 километрийн өндөрт нам дор нисэж, шалгах үүднээс Осака хотын нөөц нисэх буудалд бууж, онгоцны аюулгүй байдлыг шалгасан. Олон нийт үүнийг аюулд орж, ослын буулт хийлээ гэж ойлгоод байгаа ч үндсэндээ аюулгүй байдлыг хангах зорилготойгоор шалгаж, аюулгүй байдалд оруулсны дараа нисгэхийн тулд газардуулсан. 

Мөн зорчигчдыг авах зорилгоор Улаанбаатараас өөр онгоц хөөргөж, зорчигчдоо авсан байгаа. Газарт буусан онгоцоо Боинг компаниас өгсөн зааварчилгааны дагуу шалгаж үзээд системийг reset хийхэд алдаа арилсан. Тухайн онгоцоо зорчигчгүйгээр Улаанбаатарт авчирч, нарийвчилсан үзлэгт оруулснаар наймдугаар сарын 6-наас хэвийн нислэгтээ ороод явж байгаа.

Энд тайлбар хэлэхэд агаарын хөлгийн үндсэн зааварт аюулгүй ажиллагааг хамгийн тэргүүнд тавьдаг. Нислэгийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөх хатуу цагтай эд ангиудыг эвдрэхээс нь өмнө сольж, нислэгт шууд нөлөөлөхгүй эд ангиудыг гэмтэл гарсан байвал тухай бүрд нь шинэчилдэг. Бусад төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад аюулгүй ажиллагааны стандартыг хэд дахин илүү хангаж байгаа. Жишээлбэл агаарын хөлөгт тогны гурван эх үүсвэр бий. Эдгээрийн аль нэгээр нь л тухайн агаарын хөлөг бүрэн ажиллах боломжтой. Гэхдээ нислэг тэнцвэрийн гэрчилгээ, олон улсын иргэний нисэхийн дүрэмд тогны гурван эх үүсвэр гурвуулаа хэвийн байснаар нислэгт гаргахыг зөвшөөрдөг. Аль нэгэнд л асуудал байвал нисгэдэггүй.

Энэ мэтчилэн давхар стандартуудыг хангадаг учраас агаарын тээвэр нь аюулгүй салбар гэгддэг. Стандартыг ягштал мөрдүүлдэг. Нислэг хойшлогдох, түр саатах, шалгахаар буух зэрэг нь аюулгүй ажиллагааг хангах зорилготой. Мэдээж хэрэг дамжин нислэгтэй, чухал ажилтай гэхчлэн олон хүндэтгэх шалтгаантай зорчигч бий. Гэхдээ нислэгийн аюулгүй байдал хамгийн чухал. Энд олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн асуудал яригддаг.

Токио хотоос Улаанбаатар руу орон нутгийн цагаар 14:30 цагт нисээд, Улаанбаатарын цагаар 20:30 цагт буух хуваарьтай байсан. Зорчигчдын хувьд амаргүй байсан байх. Аюулгүй буулт хийх гэж байгаа гэхээр сэтгэл санаанд таагүй туссаныг үгүйсгэхгүй. Онгоц буусны дараа зорчигчдоо хооллож, амраасан. Улаанбаатараас хөөрсөн нислэг оройн 22:40 цагт очиж, зорчигчдоо аваад Улаанбаатарт 04:00 цагийн үед ирсэн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.