Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 06-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Төрийн жинхэнэ албан хаагчдын 2024 оны эхний болон сүүлийн хагас жил, 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан, үнэлгээг олон нийтэд нээлттэй болгож, байгууллагын цахим хуудаст 2025 оны наймдугаар сарын 20-ны дотор байршуулахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн төрийн захиргааны бүх шатны байгууллагын төсвийн шууд захирагч нарт даалгаж, Улсын Их Хурлын Тамгын газар, түүний харьяа байгууллагын удирдлагад тус тус зөвлөв.
Энэ арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг шударга, бодитой үнэлэх тогтолцоог сайжруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.
11 яам, 16 агентлагаас ирүүлсэн 2024 он, 2025 оны эхний хагас жилийн үнэлгээ, урамшуулалтай холбоотой мэдээллийг нэгтгэн үзэхэд төрийн албан хаагчдын үнэлгээний дундаж 98,7 хувьтай байна. Төрийн албан хаагчид гүйцэтгэлийн үнэлгээгээр "Маш сайн - А", "Xангалттай - В" үнэлгээ авдаг ч иргэдийн 60-аас илүү хувь нь төрийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байна.
“Төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг хөндлөнгийн үнэлгээгээр бодитоор үнэлж, олон нийтийн хяналт бий болсноор бүтээмж нэмэгдэнэ. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ сайжирч, итгэлцэл, удирдлагын хариуцлага нэмэгдэнэ гэж үзэж байна" гэж ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ярилаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ маш муу шүү дээ албан тушаалын тодорхойлолтыг маш сайн хянаж давхардсан болон ач холбогдолгүй үүргүүдийг авч ажлын өдөрт бүтэн хийх ажлуудыг оруулж гүйцэтгэлийг дунд шатны удирдлага өдөр бүр тайланг цахимаар авч хянаж сарын эцэст хариуцсан ажлын эцсийн үр дүнгээр үнэлдэг хувийн томоохон компаниудад мөрдөж байгаа журмыг үндэслэн санаа авч тодорхой болгохгүй бол тайланг нь харахад нэг их ажил хийсэн юм шиг мөртөө эцсийн үр дүн нь базаахгүй л байгаад байх шиг юм энэ бол нийт хүмүүст биш тэхдээ нилээд хүмүүс хамааралтай асуудал