Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон холбогдох албаны төлөөлөл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, үйлдвэрийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, хэтийн төлөвтэй танилцжээ.
Ажиллах үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн үйл ажиллагаа, эдийн засгийн үзүүлэлт, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүд болон цаашдын зорилго, төлөвлөлтийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийв.
Тэрбээр Эрдэнэт үйлдвэр геологийн нөөцийн нэмэгдэл, техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн бодлогыг түлхүү анхаарч буйг онцлон дурдсан бөгөөд зэсийн баяжмалаа биржээр арилжих, худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх зэрэг шинэ санаачилга, зорилтыг хэрэгжүүлж эхэлснийг мэдээллээ.
Сайд Г.Дамдинням уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн, түүхэн ач холбогдол бүхий стратегийн томоохон үйлдвэр” гэдгийг онцолж, “Тус үйлдвэрийг барьж байгуулсан олон мянган анхдагчид, илгээлтийн эзэд, өнөөдөр ажиллаж буй 7200 орчим уурхайчин, ажилтан, инженер техникийн ажилтнуудын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хот өдгөө ийнхүү хөгжиж байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээн цохон тэмдэглэв.
Мөн энэ үеэр үйлдвэрийн Захирал Г.Ёндон “Зэс боловсруулах цогцолбор” төслийн талаар танилцууллаа. Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 14 мега төслийн нэг болох уг төслийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Зэс боловсруулах цогцолбор” ХХК хариуцан хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 125.5 мянган тонн катодын зэс, мөнгө, алт болон хүхрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулагдана.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 762.3 сая ам.доллар бөгөөд жилд 1.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого, 56.8 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах тооцоо гарсан бөгөөд хөрөнгө оруулалтаа 7.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой юм. Үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг “China ENFI Engineering” компанитай хамтран боловсруулж, Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжүүлжээ.
Цаашид ТЭЗҮ-д тодотгол хийх, үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө болон төслийн баримт бичгүүдийг бүрдүүлж, олон улсын нээлттэй тендер зарлах бэлтгэлийг хангаж буйг үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Зэс боловсруулах цогцолбор” төслийг эрчимжүүлж, улс орны эдийн засгийг төрөлжүүлэх, боловсруулах үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ хүн энд тэнд хусах юм байна уу л гээд доншуучилаад явах юм. Дархандаа ядаж юм хийгээсэй. Жавхлан Энхбаяр Азжаргал 3 л юм хийх юм.