СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга бараалхлаа

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Мажлиси Оли-гийн доод танхим – Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс Тажикистан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэлээ. Мөн Тажикистан Улсыг бүс нутаг дахь манай уламжлалт найрсаг харилцаатай чухал түнш орон хэмээн үздэгээ онцлов.

Төрийн айлчлалын үеэр эдийн засаг, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, цахим хөгжил, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсныг хэллээ.

Мөн Ерөнхийлөгч Э.Рахмоны хамт хамтын ажиллагааны хэтийн төлвийг тодорхойлсон хамтарсан мэдэгдэл гаргасанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Дарга Идизода Файзали, Ерөнхийлөгчийн Тажикистан Улсад хийж буй төрийн анхны айлчлалд Тажикистаны төр, засаг, Парламент өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа тэмдэглэлээ.

Тэр бээр, энэ онд Тажикистан-Монголын Парламентын найрамдлын бүлгийг Парламентын Доод танхимд байгуулсан нь хууль тогтоогчдын харилцаа, хамтын ажиллагааг тогтмолжуулахад чухал хувь нэмэртэй гэж үздэгээ хэлэв.

Тажикистан Улсын хууль тогтоох дээд байгууллага болох Мажлиси Оли нь хоёр танхимтай, 5 жилийн бүрэн эрх бүхий 96 гишүүнтэй. Дээд танхим (Мажлиси Милли) нь 33 гишүүнтэй, доод танхим (Мажлиси Намояндогон) нь 63 гишүүнтэй юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.