СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-07-21

Хууль бусаар мод, байгалийн ургамал бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
10 цагийн өмнө

Прокурорын байгууллага 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 52545 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 2165 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 972 хэрэг шинээр нээж, 174 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 56, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 44, Өмчлөх эрхийн эсрэг 36,  Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Авлигын 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Эдийн засгийн 3, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2  тус тус байна.

 

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: 

- Нийслэлийн прокурорын газраас дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байсан О.О нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох техникийн зориулалтаар ашиглах 42.73 мкв өрөөг бусдын өмчлөлд шилжүүлэн, гэрчилгээ олгон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн  22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Иргэн Б.Э нь 2024 оны 10 дугаар сард орон нутагт аялж байсан гадаад иргэнийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

- Иргэн Г.Х нь гадаад улсаас зорчин ирсэн зорчигчийн ачаанд НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, сэтгэцэд нөлөөт “мөс” нэршилтэй 263.9 грамм бодисыг дайж, худалдаалах зорилгоор олж авсан, улсын хилээр нэвтрүүлсэн, иргэн Ч.Б нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан хэргүүдэд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт иргэн Б.Р нар нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуш модны самар 1019 кг түүж бэлтгэсний улмаас байгаль экологид 100.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 /Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

- Иргэн Ш.О нь зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 4 метрийн урттай, 25 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж байгаль экологид 6.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мод бэлтгэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.