Манай улсын иргэн 54 настай Д.Чадраабал гэх хүнийг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор дамжуулан Францын хууль сахиулах байгууллагынхан эрэн сурвалжилж буйгаа зарлажээ.
Интерполын улаан булант зарлан мэдээлэх хэсэгт түүнийг өнгөрсөн зургаадугаар сарын дундаас олон улсад эрэн сурвалжилж буй талаар мэдээлсэн байна. Д.Чадраабалыг хүний амь бүрэлгэсэн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад нь оргон зайлсан гэж буруутгаж, 20 жил хорихоор эчнээ ял шийтгэсэн гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Д.Чадраабалыг эзгүйд шүүх хурлыг явуулан уг эрүүгийн хариуцлагыг Францын нэгэн хотын шүүхээс энэ оны зургаадугаар сард оноосон гэнэ. Тэрбээр 2019 оны аравдугаар сард Б.О гэх монгол эмэгтэйн амийг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдсан нэгэн аж.
Д.Чадраабал оргон зайлж эх орондоо ирсэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн 15.2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно” гэж заасан байдаг тул түүнийг баривчилж, Францын талд хүлээлгэн өгвөл үүнийг зөрчинө гэсэн үг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.