СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-07-16

Шүүгчид хахууль өгсөн ЖДҮГ-ын хэлтсийн дарга асан Р.Надмидцэдэнгийн хорих ялыг торгох болгож хөнгөрүүллээ

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
9 цагийн өмнө

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-ын Хууль, тусгай активын хэлтсийн даргаар ажиллаж байсан Р.Надмидцэдэн, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Алтансүх тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 9-нд хэлэлцлээ. Р.Надмидцэдэн нь ахлах мэргэжилтэн Б.Алтансүхтэй бүлэглэн ЖДҮГ-т зээлийн үндсэн төлбөр нь 396.4, хүү нь 10.9, алданги нь 204.6, нийт 612.1 сая төгрөгийн өртэй аж ахуйн нэгжийн төлбөрийг үндэслэлгүйгээр багасгасныхаа хариуд их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Уг нь ЖДҮГ-аас тухайн аж ахуйн нэгжээс өр төлбөрөө гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед нэр дурдсан хүмүүс ЖДҮГ-ын өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байдаг. Ингэхдээ алдангийн 204.6 саяыг 20.4 сая төгрөг болгон багасгаж, нэхэмжлэлийн дүнг бууруулан эвлэрлийн гэрээ байгуулсан аж. Ингэснээр ЖДҮГ-т их хэмжээний хохирол учирсан юм. Үүнийхээ хариуд Б.Алтансүхтэй хамтран 2022 оны есдүгээр сараас 2023 оны хоёрдугаар сарын хооронд тухайн аж ахуйн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганзоригоос нийт 49 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгагдсан билээ.  

Мөн тус газарт 1.2 тэрбум төгрөгийн зээл, хүү, алданги төлөх ёстой аж ахуйн нэгжээс өр төлбөрийг нь гаргуулах нэхэмжлэл бүхий маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэж байх явцад ЖДҮГ-ын ахлах мэргэжилтэн М.Цэцэгсүрэн, өмгөөлөгч Н.Мандал нартай үгсэн тохиролцож, “Хаш хэм” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбазараас 40 сая  төгрөгийн хахууль авсан, өөр нэгэн аж ахуйн нэгжтэй Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүсгэсэн маргаанд хариуцагч талд танил эрх зүйч М.Амартунгалагийг санал болгож, давуу байдал үүсгэж, хахууль авсан хэрэгт холбогдсон. Түүнчлэн “Хаш хэм” ХХК-ийнханд давуу байдал бий болгохын тулд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөрд 7.5 сая төгрөгийн хахууль өгсөн. Өмгөөлөгч Б.Тунгалагтуяатай хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулсан мэтээр бичиг баримт бүрдүүлж, төлбөрт нь 4.5 сая төгрөг шилжүүлсэн боловч нэг саяыг нь түүнд өгч, 3.5-ыг нь өөртөө авсан хэмээн яллагдагчаар татагдсан юм.

Тэгвэл өмгөөлөгч Н.Мандал нь хуулийн сургуулийн нэг ангийн найз, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөрд нөлөөлж, аж ахуйн нэгжид давуу байдал олгосон шүүхийн шийдвэр гаргуулж, Р.Надмидцэдэн, М.Цэцэгсүрэн нартай хамтран хахууль авах гэмт хэрэгт оролцсон гэж буруутгагдсан аж.

Уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцээд Р.Надмидцэдэнг бусадтай бүлэглэн хахууль авах гэмт хэргийн зохион байгуулагчаар хамтран оролцсон, нийтийн албан тушаалтан буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчид хахууль өгсөн, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийн зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцсон юм. Улмаар шүүгчид хахууль өгсөн хэрэгт нь нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 15 сая төгрөгөөр торгох, албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь мөн хугацаагаар төрийн албанд ажиллах эрхийг хасаж, 20 сая төгрөгөөр торгохоор болсон бол хахууль авах гэмт хэргийг зохион байгуулагчаар оролцсон үйлдэлд нь нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, хоёр жил хорих ял шийтгэсэн.

Шүүгч асан М.Мөнхтөрийн нийтийн албанд ажиллах эрхийг найман жил хасаж, 40 сая, М.Алтансүхийн нийтийн албанд ажиллах эрхийг 10 жил хасаж, 20 сая, М.Цэцэгсүрэнгийн төрийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 10 сая, өмгөөлөгч Н.Мандалын нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, оноосон билээ. Харин дээрх албан тушаалтнуудад хахууль өгсөн аж ахуйн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болох М.Мөнхбазар, О.Ганзориг нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 10 сая төгрөгөөр торгохоор болсон юм.

Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Р.Надмидцэдэнгийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасан, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, тухайн өдөр нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас суллахаар шийдвэрлэсэн юм. Ингэхдээ цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, нийт төлөх торгуулийн хэмжээг 38 сая гаруй төгрөг болголоо. Бусад хүнд оноосон ялыг хэвээр нь үлдээсэн бөгөөд торгох ялаа зургаан сарын дотор төлж барагдуулахыг шүүхээс дээрх шүүгдэгч нарт даалгав.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
7 цагийн өмнө
116.206.83.106

Өө одоо бүр амар айн шүүгчээ авилгалдаад л ял мулт монголд ер нь шүүх хэрэгтэй юм уу хулгайч нараараа авилга авхуулаад л өөрснөө хувь хүртэж баяжаад л хулгайчийг ял завшуулаад л бүр дундаа орчихсон амар юм биш үү болохгүй бол боож үхээд болвол гадгашаа зугтаад л ШҮҮХ үнэн дампуурч ээ орвонгоор нь ор хөнжилтэй нь солих болжээ эрх мэдэл мөнгө хөрөнгөтэй нь хялбаршуулж ял авсан болж торгуулаад өнгөрнө ядарсан иргэд ял авна шүүгчид өгөх мөнгөгүй учираас

Иргэн
6 цагийн өмнө
116.206.83.106

Шүүхийг орвонгоор нь сольж байж л жаахан нүх гарна хуучин шүүгчдийг бүгдийг 461 ач цагдаа прокурор ч адилхан И,Х гишүүд үүнийг нь өөгшүүлдэг

Ард
4 цагийн өмнө
116.206.83.106

Авилгын хэрэг хөнгөлөлт үзүүлэхгүы гээгүй билүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.