Зураач Т.Ганхуяг: Чагтан тэрэгний дугуй нь гэрийн тоонотой ямар ч холбоо байхгүй

Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолт дээр гэрийн тооныг санагдуулам үхэр тэрэг харуулсныг зарим наадамчин олон "Хэзээ монгол хүн гэрийн тооноороо үхэр тэрэгний дугуй хийж байсан юм. Тэгээд дээр нь ээжийгээ суулгачихсан. Энэ муу ёрын бэлгэдэл" хэмээн ярьж бичиж байгаа билээ. 

Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтын ерөнхий зураачаар ажилласан Т.Ганхуяг үүн дээр тайлбар хийжээ.

Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтын ерөнхий зураач Т.Ганхуяг: 

-Тэрэгний дугуй нь гэрийн тоонотой ямар ч холбоо байхгүй. Монголчуудын хамгийн өргөн хэрэглэгддэг үхэр тэрэг дотроо дөрвөн янз байдаг. Суман тэрэг, чагтан тэрэг, нуухан тэрэг орчин цагийн нийлэг дугуйтай тэрэг гэж хуваан үздэг. Тус наадмын үзүүлбэрт хэрэглэгдэж байгаа тэрэг бол чагтан тэрэг юм.

GvobfLRbsAATp07

Орчин үед ч Архангай, Өвөрхангай аймгуудад хэрэглэсээр байгаа чагтан тэрэг нь бул, мөөр, хэгээс, шаантаг, арал хэсгээс бүрддэг. Үхэр тэрэгний дугуйг илэрхийлэх хамгийн гол онцлог бол бул болон чагтан хэгээстэй холбогдох шаантаг байдаг. Тэргийг бат бөх, удаан эдэлгээтэй болгох чухал хэсэг бол шаантаг бөгөөд хэрвээ шаантаг хийгээгүй бол тооно гэх мэт өөр сэтгэгдэл төрүүлж болох юм. Үзүүлбэрт ашиглагдсан тэрэгний дугуй шаантагтай хийгдсэн. Ийм учраас тооно гэж үзэж байгаа нь ердөө дугуй хэлбэрээс болж гарсан андуурал юм гэжээ. 

Төгсгөлд нь зураач Т.Ганхуяг "Зураач хүн ямарваа уран бүтээлийг хийхдээ, ялангуяа төрийн наадмын нээлтийн зураачаар ажиллахад түүхийн судалгаанд тулгуурлаж, өөрсдийн уран сэтгэмжээ шингээн, бэлэн болсон бүтээлдээ мэргэжлийн зөвлөхүүдийн хяналт, санааг тусган бүтээдэг. Үндэсний их баяр наадмын ямар ч дүрслэлд санамсаргүй, сэтгэл хөдлөлөөр хандсан зүйл байдаггүй гэдгийг хариуцлагатай хэлэхийг хүсэж байна" гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.