Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (ХНХҮТ)-ийн даргаар ажиллаж байсан Д.Баярмандах гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүллээ.
Тэрбээр тусгай шаардлага хангаагүй Ц.Эрдэнэцэцэг гэдэг хүнийг ХНХҮТ-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, сангийн тайлан хариуцсан мэргэжилтнээр томилох хууль бус тушаал гарган ажиллуулсан хэрэгт холбогдсон юм. Уг нь хоёр жил ХНХЯ-ны харьяа байгууллагад ажилласан хүнийг энэ албан тушаалд томилох дүрэм, журам үйлчилдэг юм байна. Мөн 2021 оны хоёрдугаар сарын 1-нд БНСУ-ын Сонвү FI со.Ltd-ийн гүйцэтгэх захирал Жон Юүн Гө гэх хүнтэй үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулахдаа барьцааны төлбөрийг байршуулж байсан “Хана” банк дахь данснаас 49.6 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний воныг өөртөө авч завшсан хэрэгт холбогдсон байдаг.
Түүнчлэн БНСУ дахь тус төвийн нэр бүхий 11 ажилтныг эх оронд нь буцаан сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх шалтгаанаар 2022 оны гуравдугаар сарын 31-нд Д.Баярмандах тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн. Чөлөөлөгдсөн 11 хүний дунд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг бус хүнийг сайдынх нь шийдвэрээр үлдээсэн бол дөрвөн хүн нь ажлаа өгч нутаг буцсан байдаг. Харин ажлаа хийгээгүй дөрвөн хүний нэр дээр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах цалин бодож, 2022 оны 4-6 сарын цалинг нь авсан хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байсан.
Үүнтэй холбоотойгоор ХНХЯ-ны ажлын хэсгийнхэн БНСУ-д ажиллаад “ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтны цалин, урамшууллыг ажилласан мэтээр бодож 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд гурван сая, дөрөвдүгээр сарын 22-нд хоёр сая, дөрөвдүгээр сарын 26-нд 8.4 сая, зургаадугаар сарын 15-нд 5.6 сая вон авч завшсан гэх асуудлыг шалгахад хувийн дансандаа дөрөвдүгээр сард гурван удаагийн гүйлгээгээр 13.4 сая вон буюу тухайн үеийн ханшаар 33.4 сая орчим төгрөг, зургаадугаар сард 13.6 сая төгрөгтэй тэнцэх 5.6 сая вон шилжүүлэн авсан байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1 дэх хэсгийн “Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана” гэсэн заалт болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчжээ” хэмээн дүгнэсэн гэдэг. Тэрбээр мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, БНСУ-аас ирэхгүй байсан учраас АТГ-ын мөрдөгчид хойшлуулшгүйгээр баривчилж албадан авчирсан гэх мэдээлэл ч бий.
НПГ-аас Д.Баярмандахад Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллагдагчаар татсан бөгөөд прокурорт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар энэ сарын 9-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцлээ. Улмаар түүний нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өө зөө зөө хэдэн зуун саяар нь шаачихаад 10.хан саяар торгуулна үнэн шог шүүх
Мань нь 100.н саяыг шаачихая аа 10.н саяар торгоод өгөөч гуйж байна Хялбаршуулаад тэхүү
Энэ шүүгчид чинь ийм өгөөмөр энэрэнгүй хүмүүс байдаг гэж зүүдэлсэнгүй ккк. Арай л хэт хөнгөдүүлээд байгаа юм биш үү???
Энэ хүн чинь 100.0саяыг хуссан мөртлөө 10.0саяыг нь төлнө гэнэ. Шүүгчийг нь шалга