“THE BATTLE” нисэхийн англи хэлний мэргэжлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн сургалтын төвөөс санаачлан зохион байгуулсан “THE BATTLE” нисэхийн англи хэлний мэргэжлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээн нь иргэний болон цэргийн нисэхийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын англи хэлний хэрэглээний мэдлэг, мэргэжлийн харилцааны ур чадварыг сорьж, сайжруулах, түвшинг тодорхойлох, мөн хамтран ажиллах уялдаа холбоог бэхжүүлж, бүтээлч өрсөлдөөнийг дэмжихэд чиглэсэн онцгой ач холбогдол бүхий үйл ажиллагаа байв.
Тэмцээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК, түүний харьяа НХҮА, агаарын тээвэрлэгч компаниуд болох МИАТ ТӨХК, Хүннү Эйр ХХК, Аэро Монголиа ХХК түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111-р анги зэрэг байгууллагуудаас бүрдсэн нийт 7 баг оролцож, багаар ажиллах чадвар, хэлний ур чадвар, мэргэжлийн мэдлэгээ олон талт хэлбэрээр харуулан өрсөлдлөө.
Тэргүүн байр эзэлсэн багууд:
Нэгдүгээр байр: “MIAT Mavericks” баг (МИАТ ТӨХК) — Агаарын хөлгийн хамтран нисгэгч М.Мандуулын удирдлага дор оролцсон тус баг хамгийн өндөр оноогоор тэргүүлж, “YETI Training Academy”-ийн IELTS/TOEFL сургалтад 1 сарын хугацаанд үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнууллаа.
Хоёрдугаар байр: “Guardians of the Sky” баг (ИНҮТ -НХҮА) — Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны бүсийн ажиглалтын нислэгийн удирдагч Г.Нямбат ахлагчтай баг “Ganabell” институтийн хувь хүний хөгжлийн сургалтад хөнгөлөлттэй хамрагдах эрхийг хүртэв.
Гуравдугаар байр: “Team Skybound” баг (ИНЕГ) — Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хяналтын хэлтсийн дарга бөгөөд B-787 агаарын хөлгийн дарга Б.Билгүүдэй ахлагчтай баг хөнгөлөлттэй сургалтын эрхийн эзэн боллоо.
Тусгай номинациуд:
“Шилдэг илтгэгч” номинацид Хүннү Эйр ХХК-ийн хамтран нисгэгч Х.Энхжин шалгарч, “Santis Educational Service”-ийн VIP сургалтад хамрагдах эрхээр шагнуулсан.
"Хамгийн шилдэг үзүүлбэр" номинацид Аэро Монголиа ХХК-ний баг Мэргэжлийн майл бичих номинацид шалгарч Англи хэлний хамгийн сүүлийн үеийн 2 багц сургалтын номоор шагнуулав.
“Хамгийн эвсэг хамт олон” буюу “Best Team Spirit” номинацид “ASAR 111” баг шалгарч, Нисэхийн сургалтын төвд зохион байгуулагдах Мэргэжлийн Англи хэлний VIP сургалтад суралцах эрхийн эзэн болсон.
Нэмэлт арга хэмжээнүүд:
“Spelling Bee” англи үг үсэглэлийн хөгжөөнт тэмцээнд 7 багийн төлөөлөгч оролцож, англи хэлний зөв дуудлага үсэглэх чадвараа сорин өрсөлдсөнөөс МИАТ ТӨХК-ийн нислэгийн багийн бүхээгийн ажилтан Асар түрүүлж , Олон улсын TOEIC шалгалтад үнэ төлбөргүй хамрагдах эрхийг хүртэв.
Азтан сугалаа:
Оролцогчдын дунд азтан шалгаруулах сугалаа явагдсан бөгөөд “ИНҮТ” ТӨХХК-ийн хуулийн мэргэжилтэн С.Нямтуул Хүннү Эйр ХХК-ийн Улаанбаатар–Алматы чиглэлийн ирж, очих нислэгийн тийзийн азтан болсон.
Ивээн тэтгэгчид:
“THE BATTLE” тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дараах байгууллагууд бодитой дэмжлэг үзүүлж, үнэ цэнтэй шагналын сан бүрдүүлэв.
Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК – Тэмцээний үйл ажиллагааг бүх талаас нь дэмжин зохион байгуулалт, логистик, санхүүжилтийн бүрэн дэмжлэг үзүүлсэн.
YETI Training Academy – IELTS/TOEFL сургалтад хамрагдах эрх
Ganabell Institute – Хувь хүний хөгжлийн сургалтын хөнгөлөлт
Santis Educational Service – TOEIC шалгалтын эрх
Хүннү Эйр ХХК – УБ-Алматы чиглэлийн 2 талын нислэгийн тийз
Энэхүү тэмцээн нь зөвхөн хэлний шалгалт бус, нисэхийн салбарын харилцааны соёл, багаар ажиллах стратеги, мэргэжлийн мэдлэгийг бодитоор үнэлсэн, салбарын цогц үнэлгээ, хөгжлийн хөшүүрэг болсон онцлох үйл явдал байлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.