Нийтээр тэмдэглэх баяр бүх нийтийн амралтын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөрт шилжүүлэх хуулийн төслийг дэмжив.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.07.01/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Б.Уянга нарын УИХ-ын хоёр гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас мөн өдөр өргөн мэдүүлсэн “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Боствана Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.