УИХ дахь МАН-ын бүлэг газар чөлөөлөлтийн сан байгуулах саналыг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.06.30/ хуралдаж, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.
Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар зайлшгүй шаардлагаар чөлөөлж байгаа газруудад нөхөн олговор олгож, Азийн хөгжлийн банкны жишиг загварын дагуу үнэлгээг хийж, чөлөөлсөн газар дээрээ инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгох, чөлөөлсөн газар дээр орон сууц барьж худалдан борлуулах, төвлөрсөн орлогыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулдаг газар чөлөөлөлтийн сан байгуулахаар тусгажээ.
Мөн замын хөдөлгөөнд оролцох үедээ гаргасан зөрчлийг хиймэл оюун ухаан ашиглан хяналт тавих шийдлийг хэрэгжүүлж, 2030 оны 6 дугаар сарын 1 өдрөөс буруу гар талдаа хүрдтэй машиныг импортлохгүй байхаар тусгаад байна. Түүнчлэн Банкны тухай хуульд болон Усны тухай хууль гэх мэт хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймагт нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон төлбөрийг харьяалал харгалзахгүйгээр нийслэл, тухайн аймгийн төсвөөс санхүүжүүлнэ.
Мөн “Гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналт” сэдвээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулга, мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд парламентын тусгай хяналтыг хэрхэн хэрэгжүүлдэг мөн хууль эрх зүйн орчныг хэрхэн зохицуулсан байдаг талаар судалгаа хийлгэж энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж дууссан байна. Судалгаанд нийт “Freedom in the world” тайлангийн үзүүлэлтийг харгалзан, Ардчиллын индексээр өндөр үзүүлэлттэй 27 орныг хамруулж, харьцуулан судалсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.