СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-30

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 цагийн өмнө

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал. Тэр дундаа өнөөдөр нүүрс, зэс, алт гурвын олборлолт экспортоос улсын эдийн засаг шууд шалтгаалж байна. Маш энгийнээр “Оюу толгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй компани, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, борлуулалтаас манай улсын эдийн засаг хамаардаг юм.

Гэвч, Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт төсвийн тодотголыг УИХ-д танилцуулахдаа “Нүүрсний үнийн огцом уналтаас голлон шалтгаалж төсвийн орлого 3.2 их наяд төгрөгөөр тасалдах бодит нөхцөл байдал үүслээ. Энэ нь цаашид даамжирч болзошгүй байна” хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрээр Ерөнхий сайдаар томилогдоод хоёр хөршийн Элчин сайд нартай уулзахдаа дэд бүтцийн төслүүдээс гадна, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын талаар ярилцсан. Бас “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзахдаа тэрээр “УИХ 2021 онд баталсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахдаа Монголын талд үр ашигтай байх шаардлагын үүднээс Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлуудыг бүтэн зургаар нь авч үзэх шаардлагатай байна. Тухайлбал, үйл ажиллагааны ил тод байдал, худалдан авах ажиллагаа, татвар, байгаль орчин, ялангуяа ус ашиглалт зэрэг асуудлыг багцаар нь шийдэхийн төлөө хамтран ажиллая. Эдгээр асуудлаар нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулъя” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, .

Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар энэ салбарын жолоо цулбуурыг УИХ-ын гишүүн Г.Дамдиннямд атгуулсан.

Тэрээр Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн засаглал, бодлого судлалаар магистр хамгаалсан. Бритишийн Колумбын их сургуулийн судлаач, Монголдоо “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Уул уурхайн мэргэжлийн онол, практиктай хүн гэхэд болно

Түүнчлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад нэр дэвшихдээ “Би олигархуудыг давраахгүй. Популистуудыг дагаж намирахгүй” хэмээн мэдэгдсэн. Мэдээж түүний мэдэгдэл олон нийтэд ихэд таалагдсан. Учир нь уул уурхайн салбарын олон төсөл хөтөлбөр, Баялгийн сан зэрэг дээр шинэхэн сайд ямар бодлого, үзэл баримтлалтай байх вэ гээд анзаарч байсан үе л дээ. Тиймээс олон нийт Г.Дамдинннямын амнаас унаж буй үг бүрийг анхааралтай хараад байдаг болж байна. 

Дөнгөж сайд болоод “Улс орны эдийн засгийн суурь багана болсон Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг тэргүүлэх нэр хүндтэй, өндөр хариуцлагатай үүргийг залгуулах үүрэг хүлээж байна. Олон улсын геополитикийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, гадна, дотнын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, хамгаалах, уул уурхайн салбарын хайгуулын чиглэлийг идэвхжүүлэх УИХ-аас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хичээн ажиллах болно.

Миний хувьд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, батлагдан гарсан хууль эрх зүйн актуудыг мөрдөж Монгол түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө улам бүр хичээн ажиллах болно” гэснийг нь ч өөр хоорондоо ярьцгааж байна.

Г.Дамдинням сайдын ажлаа аваад л Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийнхантай, тэдний төлөөллүүдтэй уулзсан.

Тэд “Уул уурхайн салбар нийт төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг. Үүнээс АМНАТ /рояльти/ 50 орчим хувь ААНОАТ 25 хувь буюу өмчлөлийн хэлбэрээс үл хамаарах эдгээр татвар нь 75-80 хувийг бүрдүүлж байна. Харин төрийн өмчит компанийн ногдол ашиг нь уул уурхайн салбарын төсөвт оруулах орлогын тав орчим хувь. Уул уурхайн салбар нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа. Тэр дундаа нүүрс, зэсийн баяжмал, алт гэх гурван бүтээгдэхүүн нийт экспортын 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. Мөн уул уурхайн салбарын улсын төсөвт оруулсан орлогын 80 хувийг тавхан компани бүрдүүлдэг” хэмээн салбарын сайддаа учирлажээ.

Уулзалтаар Г.Дамдинням сайд “Тавьсан асуулуудтай санал нэг байна. Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж, оролцогч талуудын саналыг хуулийн төсөлд нээлттэй тусгах, олон нийтээр хэлэлцүүлэх, хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлд идэвхийлэн ажиллана” гэжээ.

Үүнээс гадна тэрээр Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй, үндсэндээ хүлээгдээд байсан “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг өргөн барив. Түүний тайлбарлаж буйгаар, “Алт-3” аян нь эдийн засгийн нөхцөл хүндэрсэн энэ цаг үед гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Тиймээс “Алт-3” аяныг орон даяар зарлан хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн” байна.

Түүнчлэн түүний илэрхийлсэн байр суурийг салбарынхан нь болоод эдийн засагчид нэлээд анхаарч буй. Тухайлбал, “Монгол Улсад хөрөнгө оруулъя гэж байгаа хүмүүст нээлттэй байх бөгөөд хайгуулын салбарыг бусдад нээсэн шударга тэгш орчныг бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллана. Монгол Улсад шинэ хөрөнгө оруулалт, шинэ мөнгөний урсгал, ажлын байр, хэрэгтэй”,

“Бид алт, зэс, газрын ховор элемент, нүүрс аль нь ч бай шаардлагатай бүх эрдэс баялгаа эргэлтэд оруулж эдийн засгийн салбаруудаа дэмжих ёстой”,

“Ховд аймгийн Мянгад суманд Халзан бүрэгтэйн гол асуудал бол иргэдийн мэдээлэлгүй байдал, тэдэнд хүрч буй мэдээлэл болоод уул уурхайн салбарыг ойлгуулах тал дээр аж ахуйн нэгжүүдийн оролцоо, санал санаачилга тогтвортой уул уурхайн зарчмынхаа хувьд явж өгөхгүй байгаа. Уул уурхайг явуулах нийгмийн зөвшөөрөл гэх ойлголт олон улсад байдаг. Нийгмийн зөвшөөрлийг бий болгож байж төрийн зөвшөөрөл бодитой, амьтай хэрэгжиж явдаг. Нөгөөтэйгүүр цагдаа, хүчний байгууллагаар хамгаалуулаад хүчээр шийддэг ойлголт байхгүй болсон. Тиймээс хөрөнгө оруулагч, төр, ард иргэдийг ойлголцолд хүргэх ажлыг зайлшгүй хийх ёстой. Ийм аргачлалыг Увс аймагт амжилттай хэрэгжүүлсэн жишээ байсан. Энэ аргачлалыг судалж шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллах ёстой.

Түүнээс гадна “Газрын тосны үйлдвэр” бол стратегийн чухал үйлдвэр. Улс төржиж болохгүй зүйл. Заавал явах ёстой төсөл. Газрын тос боловсруулах үйлдвэр бол манай улсын амин чухал эрх ашиг юм шүү. Бусдаас нэг ч гэсэн зүйлээр хараат бус байх хамгийн том бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Үүнийг бид нам, хувь хүний улс төр гэж харалгүйгээр явуулах ёстой. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хувьд энэ төслийг хамгаална, өмгөөлнө, хэрэгжүүлнэ”,

“Засгийн газраас “Алт-3” аяны хүрээнд энэ оны төгсгөл гэхэд шууд металлаа гаргах боломжтой алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулах зорилгоор тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ бол эхлэл. Энэ аяны хүрээнд нэгдүгээрт тодорхой хуулийн хязгаарлалтад ороод гацчихсан, нөөц нь тогтоогдсон, үйлдвэрээ барьчихсан шууд эдийн засагт үр ашгаа өгөх боломжтой үндсэн ордуудыг эргэлтэд оруулах гэж байгаа юм. Шороон ордууд бол байгаль орчинд нөлөөлөх байдал илүү учраас судалгаа сайн хийж ахиж ярих шаардлагатай. Хоёрдугаарт алт олборлогчдод татварын дэмжлэг үзүүлье гэдэг бодлого тусгасан. Яагаад гэвэл Монгол банканд тушаагдаж байгаа алтны хэмжээ өнгөрсөн оноос 16 хувиар буурсан. Энэ нь татварын шатлалын огцом өсөлттэй холбоотой байх магадлалтай. Гэтэл дэлхийн зах зээлд алтны үнэ 3300-аас дээш гарсан, үүнээс цааш нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна” гэсэн юм.

Ер нь бол өнөө цаг үед уул уурхай, эрдэс баялгийн салбарын сайдын байр суурь нь үйл ажиллагаагаа тодорхойлж, тэр нь дамжаад эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, З.БОЛД

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.