УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Төрийн өмчит үйлдвэрийн газрын засаглалын шинэчлэлд яаралтай анхаарч өгөхийг ерөнхий сайдаас хүслээ. 14 сая төгрөгийн цалин авдаг гэдгээ мэддэггүй төрийн өмчит компанийн удирдлага байгаа нь лизинг төлж байгаа иргэдийг доромжилсон үйлдэл гэж шүүмжилсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-УИХ дахь МАН-ын бүлэг төсвийн тодотголыг дагалдуулан хамт өргөн мэдүүлсэн төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татах нь зүйтэй гэх улс төрийн шийдвэр гаргасан. Энэ хуулийн төслийг арай уян хатан байдлаар оруулж ирэх боломжтой юм. Ер нь бол төрийн албыг цомтгох нь зөв. Аргачлал нь дутуу байсан. Яг хэнийг яаж цомтгох вэ гэдэг нь тодорхой бус байсан.
Төрийн өмчит үйлдвэрийн газрын засаглалын шинэчлэлд яаралтай анхаарч өгөөрэй. Хоёр хоногийн өмнө цалингаа мэддэггүй төрийн өмчит компанийн нэг удирдлага ярилцлага өглөө. Би цалингаа авсан чинь 14 сая авдаг юм байна гэсэн. Өнөөдөр Улсын дээд шүүхийн шүүгч ямар цалин авдаг билээ, төрийн албан хаагч ямар цалин авч байгаа билээ. Энэ хүн 24 цагийн 23 цагт нь ажилладаг болоод ийм өндөр цалин авдаг юм уу? Амьдрах гээд ядаж байгаа, зээлээс зээлийн хооронд лизинг төлж байгаа иргэдэд энэ яриа бол аймаар том доромжлол шүү.
Хэн нь ийм өндөр цалин аваад, хэн нь бага цалин авдаг юм бэ гэдэг л асуудал. Тэгш бус байдал гэж энийг хэлээд байгаа юм. Үүнд анхаарахыг хүсэж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Манай Засгийн газрын тэргүүлэх зорилт бол төрийн өмчит компанийн үр ашгийг дээшлүүлэх явдал юм. Тийм ч учраас Ерөнхий сайдаар томилогдохдоо төрийн өмчит компанийн тоог бууруулах, үр ашигтай болгох тодорхой зорилтоо танилцуулсан. Засгийн газрын хуралдаанаар хоёр төрийн өмчит компанийг татан буулгаж, нэгтгэх шийдвэр гаргасан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргах буюу нээлттэй компани болгоно. Ирэх онд 16-20 компани олон нийтийн болно. 109 үйлдвэрийн газрыг 30-аар цөөлөх зэргийг хийнэ. Үр ашгийг 30 хувиар нэмэгдүүлж, зардлыг 15 хувиар бууруулах чиглэл өгсөн. Төрийн өмчит компанийн захирлуудын цалингийн дээд хэмжээг тогтоох даалгавар өгч байгаа. Үр ашгийг дээшлүүлсэн, өр авлагыг буруулсан менежментийн гэрээний зарчимд нийцүүлэхээр ажиллаж байна. Төсөв өргөн барих үедээ компанийн хуулийг шинэчилж өргөн барина гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Арай юмаа төсвийн ажилчид нэг 954000т авах гэж халуунд халж хүйтэнд хөрж байж энэ мөнгө төгрөг авдаг шүү дээ дарга нар яахаараа ийм их цалин авдаг бна