“Алт-3” аяныг орон даяар зарлан хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болсон. Засгийн газрын гаргаж буй тогтоолын төсөлд 100 тонн нөөцтэй хамгийн чухал ордууд болох Гацуурт, Баавгай, Эрээн, Шурадгын гол зэрэг үндсэн ордууд багтаагүй байна. УИХ-ын тогтоолыг өргөн барих үедээ нэр дурдсан ордуудыг хассан буюу УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалтаас хэсэгчлэн гаргах тухай холбогдох заалтыг хасчээ. Тус асуудлаар УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас дараах асуултыг асуулаа.
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:
-Нүүрсний үнэ унаж байгаа энэ үед бусад уул уурхайгаас олох орлогоо нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Алт-3” үргэлжлээд явна гэсэн. Тогтоолын төсөл нь Төсвийн байнгын хороон дээр орж ирсэн. Тогтоолын төслийг нь харахаар өмнө нь гарч байсан тогтоолын төслүүдтэйгээ зөрчилдөж магадгүй тогтоолын төсөл орж ирсэн байсан. Үүн дээр сайдаас хариулт авахыг хүсэж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-“Алт-3” аян гэж нэрлэж байгаа. Хөтөлбөр гэвэл тусдаа хуультай байх юм билээ. Энэ аяны хүрээнд шууд металлаа өгөх боломжтой алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулъя гэдэг тогтоолын төслийг оруулж ирж байгаа. Ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ гэхээр тодорхой хэмжээний хязгаарлалтад орчихоод байгаа нөөц нь тогтоогдсон, үйлдвэрээ барьсан ордуудыг эргэлтэд оруулъя гэж байгаа. Алтны нөөц гурван тонноос их бол үндсэн орд болдог. Харин шороон орд руу орохгүй байя гэж байгаа. Гэхдээ яамнаас судалгаа хийж байгаа. Хоёрдугаарт, Алт олборлогч компаниудад татварын дэмжлэг үзүүлье гэж байгаа. Дэлхий дээр алтны үнэ 3300 давсан. Цаашид ч нэмэгдэхээр байна. Харин манайд алт тушаалт 16 хувиар буурсан үзүүлэлттэй байна. “Алт-3” аян төсөвт нэмэр болно гэхээсээ илүүтэйгээр мөнгөний бодлого талдаа илүү нэмэртэй. Валютын ханшаа тогтвортой байлгах үүднээс эхэлнэ. Гишүүд маань тогтоолын төсөл дээр санал гаргах бүрэн боломжтой.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд дээр тус бүрээр нь ажлын хэсэг гаргая гэж байгаа. Гишүүд тодорхой асуудлууд дээр анхаарал тавьж ажиллаж байгаа бол тал талаасаа оролцоотой, санаа бодлоо нэгтгээд дүгнээд УИХ-аар батлуулах боломжтой. ЗГХЭГ-ын даргатай тус асуудлаар зөвшилцөж ойлголцсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гацууртыг ухвал туул гол үгүй болох байх да одоо зарим газраар шургаж байх шиг харагдсан шүү
Тусгай хамгаалалтаас нь гаргаж байгаад хулгай хийх нь дээ.