Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Даншиг наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм. Энэ жил нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Хүй7:1 “Төв цэнгэлдэх - Яармаг - Хүй 7 худаг”, Хүй7:2 “МУБИС - Хүй 7 худаг" гэсэн хоёр чиглэлд автобус үйлчилнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.