Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй метроны төслийн талаар санал солилцжээ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсыг төлөөлж, Британийн парламентын Нийтийн танхимын гишүүн, Британийн парламент дахь Олон Улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй албаныхан уулзалтад оролцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Их Британи нь Монгол Улсын тусгаар тогтнолыг 1960 оны эхээр хамгийн эхэнд хүлээн зөвшөөрсөн барууны орнуудын нэг бөгөөд хоёр улсын түүхэн харилцаа онцгой ач холбогдолтой гэдгийг тодотгожэ.
Өмнө нь хотын дарга Х.Нямбаатар 2024 оны арванхоёрдугаар сард Лондон хотод айлчлах үеэрээ Улаанбаатар метро болон хотын дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллах чиглэлээр санамж бичгүүдийг амжилттай байгуулж, метроны талаар туршлага судалсан билээ. Улмаар Их Британи улсын мега төсөл амжилттай хэрэгжүүлэх, хот байгуулах туршлагыг авах үүднээс Улаанбаатар метро төсөл дээр “Crossrail International”-ийг стратегийн зөвлөхөөр ажиллуулж байна. Мөн уг айлчлалын үеэр UK Export Finance агентлагтай уулзалт хийж, Улаанбаатар метро төслийн санхүүжилт дээр хамтран ажиллах хэлэлцээрт хүрсэн юм. Энэ удаагийн уулзалтын төгсгөлд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчид Улаанбаатар метро төслийн санхүүжилт болон экспортын тал дээр хамтран ажиллах саналаа бататгав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.