Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй 18 хүнд холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, мөнгө угаасан гэх хэрэгт тэд холбогдсон юм. Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Ингэхдээ Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ, Р.Баатархүү нарыг байнга мөнгө угаасан, албан тушаалын байдлаа ашиглаж оролцсон, хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэсэн, Б.Ганзориг, С.Чинбат, Да.Пүрэвдорж, Г.Эрдэнэ-Очир нарыг уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутай гэж дүгнэсэн. Бас Р.Баатархүү, Г.Одхүү, Г.Баянмөнх, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов нарыг нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн, Ж.Мөнхзориг, Г.Ганзориг, Дэ.Пүрэвдорж, Г.Нямдорж нарыг нийтийн албан тушаалтан хахууль авсан гэм буруутай гэж үзсэн юм. Улмаар “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүүгийн үйлдсэн хэргүүдэд долоо, төрийн өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбатад тав, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд гурван жил хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болсон.
“Өгөөжтэй өв” ХХК-д удирдах албан тушаал хашиж байсан Б.Ганзориг, С.Чинбат, Да.Пүрэвдорж, Г.Эрдэнэ-Очир нарт 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Харин Б.Ганзориг, Да.Пүрэвдорж нарын холбогдсон битүүмжилсэн эд хөрөнгө устгасан хэрэгт нь тус бүр гурван сая төгрөгөөр торгох ял оноожээ. Тэгвэл Р.Баатархүү, Г.Одхүү нарын бусдад хахууль өгсөн хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, тус бүр таван сая төгрөгийн торгох ял, шүүгдэгч Г.Баянмөнх, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов нарт нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасан, тус бүр 10 саяар торгохоор болсон. Ж.Мөнхзориг, Г.Ганзориг, Дэ.Пүрэвдорж, Г.Нямдорж нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, тус бүр 10 сая төгрөгөөр торгох ял оноосон билээ.
Хууль бусаар ашигт малтмал олборлосноос байгаль орчинд учруулсан шууд хохирол болох 2.6 тэрбум гаруй төгрөгийг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд, мөнгө угааж олсон орлого болох 16 тэрбум 33 саяыг Б.Үнэнбат, Р.Баатархүү, Х.Бат-Эрдэнэ нараас гаргуулж, улсын орлого болгох, хахууль авсан гэм буруутай гэж дүгнэсэн шүүгдэгч нараас хууль бус орлогыг хурааж улсад тушаалгахаар шийдвэрлэсэн. Монгол Алтайн нурууны нэгэн салбар болох Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай нутгийн Цагаан эрэг гэх газраас хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх эл хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон хүмүүст оноосон ял тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж хэвээр үлдээсэн бөгөөд шийтгэх тогтоолын зарим заалтад өөрчлөлт оруулсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.