СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-06-24

Б.Түвшин: Бизнест дарамт учруулж, далд эдийн засгийг тэтгэдэг учраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг өөрчилье

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

Эх сурвалж: УИХ-ын гишүүн Б.Түвшин

Иргэд, бизнес эрхлэгчдээ дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх гурван алхам

Монголчуудын хувьд хамгийн тулгамдсан асуудал ажлын байр болчихоод байна. Нэг талд бизнес эрхлэгчид ажилд орох хүн олдохгүй байна гэнэ. Нөгөө талд хөдөлмөр эрхлэх сонирхолгүй, гадагшаа сурч, ажиллах хүсэлтэй залуус олширсоор. Энэ хоёрын зөрүү нь хөдөлмөрийн зах зээлийг доголдуулж, улмаар эдийн засгийн чадавхыг хумиж байна. Дээрээс нь түүхий эдийн үнэ унаж, төсвийн орлого буурч, ДНБ-ий өсөлт саарч эхэллээ.
Энэ эгзэгтэй үед бид иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ ачааллыг бууруулж, ажлын байр бий болгож, эдийн засгийн өсөлтийг дэмжих шаардлагатай нүүр тулаад байна.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хуралд суудалтай 5 нам, эвслийн төлөөлөл болсон бидний 41 гишүүн хамтран санаачилж боловсруулан, аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэдэд нээлттэйгээр олон удаагийн хэлэлцүүлэг хийж, санал авч УИХ-ын даргад өргөн бариад өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэж хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн байгаа.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь энэхүү бодит хэрэгцээнд хариулт өгөх гурван чухал өөрчлөлтийг тусгасан. Эдгээр өөрчлөлтийг хэрэгжүүлснээр улсын төсвийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого тодорхой хэмжээнд буурах хэдий ч энэ мөнгө нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд шууд цэвэр орлого болон очиж, улмаар гуравхан жилийн дотор 315 орчим тэрбум төгрөгийн цэвэр үр өгөөж, 18 мянга гаруй ажлын байр шинээр бий болгох боломж олгох юм.
Гэхдээ энэ нь зөвхөн эдийн засгийн тоон өгөөжөөр хязгаарлагдахгүй. Монголын татварын хувь хэмжээ олон улсын дундажтай харьцуулахад өндөр биш ч иргэд, бизнес эрхлэгчид “татвар өндөр байна” гэж бухимдах болсон нь нийгмийн даатгалын шимтгэлийн ачаалал дээд цэгтээ хүрсэнтэй шууд холбоотой.

Нийгмийн даатгал бол татвар биш. Төрд итгэж шимтгэлээ төлсөн даатгуулагч хамгаалалт авна гэдэг утгаараа энэ бол нийгмийн гэрээ юм. Харин энэ гэрээ шударга биш болж, нэг хэсэг нь бүх ачааллыг үүрч, нөгөө хэсэг нь системээс гадуур үлдэх аваас итгэлцэл алдагдаж, хамрах хүрээ хумигддаг. Өнөөдөр олон хүн НДШ-ийг ийм нэртэй татвар төдий харж байгаагийн цаад шалтгаан итгэлцлийн хямрал нүүрлэснийг харуулна.

Бидний санал болгож буй гурван өөрчлөлт төр, иргэн, аж ахуйн нэгжийн хоорондох итгэлцлийг сэргээхэд ч хувь нэмэр оруулах билээ. Харин одоо эдгээр гурван өөрчлөлтийг алхам, алхмаар харцгаая.

1. Цалин, гэрээний орлогыг ялгах

2008 оноос гэрийн үйлчлэгч, хөлсөөр мал маллагч зэрэг хөдөлмөрийн харилцааны шинжтэй ажил эрхлэгчдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээтэй иргэдийг нийгмийн даатгалд хамруулж эхэлжээ. Мөн 2023 онд батлагдсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар энэ хүрээ улам тэлж, “тэдгээртэй адилтгах гэрээ”-гээр ажил, үйлчилгээ үзүүлэгчдийг ч албан журмаар даатгуулах заалт орсон. Уг зохицуулалтыг www.d.parliament.mn цахим хуудсаар санал авах хугацаанд олон нийт шүүмжилж байсан ч хууль тогтоогчид нэр төдий өөрчлөлт оруулаад баталсан байдаг. Ийнхүү төр гэрээт үйлчилгээ үзүүлэгчдийг ажилтан гэж үзэн албан журмаар даатгалд хамруулж, гэрээний орлогыг цалинд тооцож шимтгэл ногдуулж ирлээ.

Жишээлбэл, иргэн Б нь А компанид түлш шатахуун, тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдол, хоолны зардал зэргээ оролцуулаад 10 000 000 төгрөгөөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот хүртэл 10 тонн ачаа тээвэрлэх гэрээ байгууллаа гэж бодъё. Гэтэл тэдгээр бүх зардлыг хасалгүйгээр гэрээний нийт дүнгээс нийгмийн даатгалын шимтгэлд А компани 1 150 000 төгрөг, Б өөрөө 894 960 төгрөг буюу нийт 2 044 960 төгрөг төлөх зохицуулалттай.

Дээрээс нь 10 хувийн Хүн амын орлогын албан татвар, мөн шаардлага хангавал дахиад 10 хувийн НӨАТ төлнө. Ийм нөхцөл нь аж ахуйн нэгжийг иргэнтэй гэрээ байгуулахаас зайлсхийхэд хүргэж, нөгөө талд иргэдийг хувиараа ажил, үйлчилгээ үзүүлэн орлого олох боломжийг хааж байна. Нийгмийн даатгалын бодлого маань энэ жишээ шиг мянга мянган ажлыг далд эдийн засаг руу түлхэж байгаа нь нууц биш болсон.

Энэ тогтолцооноос бүрдүүлсэн НДШ ийн орлого 2024 онд 43.4 тэрбум төгрөг байснаас үзэхэд төсвийн орлогын ердөө 0.14 хувийг бий болгосныг графикаас харна уу. Харин үүнээс үүдэн алдагдаж буй итгэлцэл, боломж, эдийн засгийн үр өгөөж хавьгүй их байх магадлалтай.

Иймд, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээний орлогоос албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл суутгахаа больсноор иргэд орлогоо нэмэгдүүлж, бизнес эрхлэгчид шаардлагтай ажил, үйлчилгээгээ авч, далд байсан олон мянган гэрээ ил болсноор төр ч татварын орлогоо нэмэгдүүлэх зэрэг боломж бүрдэх юм. Зөвхөн энэ өөрчлөлтийн үр дүнд гурван жилийн дотор 83 орчим тэрбум төгрөгийн цэвэр үр өгөөж, 1500 гаруй ажлын байр бий болох тооцоолол бий.

2. Наад захын хөнгөлөлт, тусламжаас шимтгэл авахыг зогсоох

Хөдөлмөрийн тухай хуульд “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж зааснаас үзэхэд хоол, унааны төлбөр, түлээ, нүүрсний хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, тэдгээртэй адилтгах бусад орлого нь цалин хөлсний орлогод багтдаггүй. Энэ бүхэн бол хүний ажил, хөдөлмөр эрхлэх наад захын хэрэгцээ, нийгмийн баталгааны нэг хэсэг учраас НДШ ногдуулах нь зохисгүй юм.

Үүнээс үүдэн тухайлбал, ажилчдынхаа ар гэрийн байдал, өрхийн амьжиргааны түвшин зэргийг үндэслэн түлээ, нүүрс худалдан авахад зориулж олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжаас ч НДШ суутгасныг шүүхээр шийдүүлсэн тохиолдол ч байна. Энэ бүхэн ажил олгогч ажилтнуудынхаа наад захын хэрэгцээг хангах хүсэл эрмэлзлийг бөхөөж, иргэд тогтвортой ажил, хөдөлмөр эрхлэх сонирхлыг унтраахад хувь нэмэр оруулж байгаа юм.

Үүний зэрэгцээ, эдгээр хөнгөлөлтөөс бүрдүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 2024 онд 63 тэрбум төгрөг байсан нь төсвийн орлогын ердөө 0.2 хувийг л бий болгожээ. Тиймээс хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах нь бага зардлаар хөдөлмөрийн зах зээлийн тулгамдсан асуудлыг шийдэх боломж юм. Өнөөдөр авч байгаа цалингаараа түрээсээ төлж, хоол, унааны зардлаа ч гаргаж чадахгүй байна гэдэг шалтгаанаар гэртээ сууж буй маш олон залуусыг ажилтай болгох хөшүүрэг ч гэж харж болно. Энэ нь ажил олгогчдын нуруун дээрх ачааллыг ч багасгаж, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах шийдэл билээ.

Хууль батлагдвал зөвхөн энэ өөрчлөлтөөс гурван жилийн дотор 136 тэрбум төгрөгийн цэвэр үр өгөөж, 2479 шинэ ажлын байр бий болох төсөөлөл байна.

3. Ажил олгогчийн ачааллыг хөнгөлж, шударга ёс тогтоох

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд “нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байх”-аар заасан. Энэ хязгаар нь даатгуулагч цөөн хэдэн сард хэт өндөр дүнгээр шимтгэл төлснөөр тогтмол цалинтай, нийгмийн даатгалын шимтгэл олон жил тасралтгүй төлж байсан иргэдээс илүү өндөр тэтгэвэр тогтоолгох боломжийг хаах зорилготой.

Тухайлбал, А компани Б ажилтандаа сарын 10 000 000 төгрөгийн цалин өгдөг гэж төсөөлье. Иргэн Б хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй буюу 7 920 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний орлогоосоо л НДШ төлнө. Гэтэл А компанийн хувьд ийм хязгаар байхгүй, Б-г тогтвортой ажиллуулахын тулд цалингийн 12.5 хувь буюу 1 250 000 төгрөгийг сар бүр нэмж төлөх шаардлагатай. Гэтэл А компанийн төлж буй шимтгэл Б даатгуулагчийн нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээнд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Энэ шударга тогтолцоо гэж үү? Ийм байхад иргэд, бизнес эрхлэгчид НДШ-ийг ирээдүйн баталгаа гэхээс илүүтэй зүгээр л ийм нэртэй татвар гэж харж, бухимдах нь аргагүй юм. Хэрэв энэ тогтолцоо өөрчлөгдвөл компаниуд ажиллагсдадаа өндөр цалин олгох боломж, эрмэлзлэл, урам зориг дээшлэх юм. 2024 оны байдлаар энэ төрлийн шимтгэл нь 236 тэрбум төгрөгт хүрч, улсын төсвийн орлогын 0.75 хувийг бүрдүүлжээ.

Тиймээс ч ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх даатгуулагчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг даатгуулагчийн адил тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоох нь шударга ёсны хэрэг мөн. Ингэснээр ажил олгогчдын ачааллыг бууруулж, улмаар цалин хөлсөө нэмэх, шинээр ажлын байр бий болгох томоохон хөшүүрэг болох билээ.

Хэдийгээр энэ өөрчлөлтийг хийхэд хамгийн өндөр зардалтай байх ч үүнийгээ дагаад асар их хэмжээний үр шим өгөх хүлээлт байна. Бидний тооцсоноор ажил олгогчдын ачааллыг ийнхүү хөнгөлж чадвал ирэх гурван жилийн хугацаанд 96 орчим тэрбум төгрөгийн цэвэр үр өгөөж, 14 мянга гаруй ажлын байр бий болгохоор байна.

Эцэст нь, эдийн засгаа дэмжих шийдэл

Эдийн засгийн өсөлт саарч, хөдөлмөрийн зах зээл хүндхэн асуудалтай тулгарсан энэ үед бид уламжлалт сэтгэлгээгээрээ “маргааш” гэж хойш тавилгүй, яг одоо, яг өнөөдөр зоригтой алхам хийх сонголттой нүүр туллаа. Дээрх гурван өөрчлөлтийг хийснээр гарах зардлаасаа хавьгүй илүү үр өгөөжийг бий болгож, олон мянган ажлын байр шинээр бий болгохоор байгааг эрдэмтэн, судлаачидтай хамтран хийсэн тооцоо, судалгаа нэгэнт харуулсан. Үүний зэрэгцээ, нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг ийнхүү бууруулах нь эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бид бүтцийн вектор авторегрессийн (SVAR) загвар ашиглан судалж ч гаргав.

Ийнхүү симуляц хийж үзэхэд ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн) эхний жилд 973 тэрбум, 2 дахь жилд 820 тэрбум, 3 дахь жилд 695 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт 2.5 их наяад төгрөгөөр өсөхөөр байна.

- ДНБ 4 улирлын дараа 973 тэрбум төгрөгөөр өссөн;
- Эерэг нөлөө нь цаг хугацааны явцад буурч байгаа ч тогтвортой хадгалагдаж, 8 болон 12 улирлын хугацаанд тус тус 820 тэрбум болон 695 тэрбум төгрөгийн нэмэлт өсөлтийг авчирж байна.

Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнэ унаж, ДНБ-ий өсөлт саарч эхэлсэн энэ үед эдийн засгийг дэмжих, орлогоо нэмэгдүүлэх, далд эдийн засгийг ил болгох боломж үүний цаана нээгдэнэ. Хамгийн гол нь, энэ бол иргэдээ орлоготой, ажлын байртай, ирээдүйд итгэх итгэлтэй байлгахын төлөө, бизнес эрхлэх орчныг сайжруулахын төлөө хийж буй бодит, зоримог алхам юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.