Хэнтий аймагт зохион байгуулагдаж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд байгуулагдсан нүүлгэн шилжүүлэх байрны үйл ажиллагаа, бэлтгэл бэлэн байдалтай Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан танилцлаа.
Тэрээр гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх зохион байгуулалт, хүлээн авах байрны бэлэн байдал, оролцогч байгууллагуудын уялдаа холбоонд үнэлэлт өгч, болзошгүй аюулын үед шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэхийн чухлыг онцоллоо.
Энэ удаагийн сургуулийг “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.
Сургуулийн үйл ажиллагаанд аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн 13 алба, 13 мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын 500 гаруй удирдлага, ажилтан, алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд дадлага сургууль энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Иж бүрэн сургуулийг зохион байгуулснаар орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэл, болзошгүй аюулыг эрт илрүүлэх, хохирлыг бууруулах, хариу арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлэх ач холбогдолтой болохыг Шадар сайд онцлон тэмдэглэв.
Мөн Монгол Улсын Засгийн газраас гамшигт тэсвэртэй дэд бүтцийг улс болон орон нутгийн хэмжээнд байгуулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд тогтвортой бодлого баримталж байгааг дурдсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.