Баян-Өлгий аймгийн төв дэх ерөнхий боловсролын II сургуулийн газарт барилга барихаар болсныг нутгийн иргэд эсэргүүцэн тэмцэж буй ч үр дүнд хүрэхгүй байна. Учир нь хууль хяналтын байгууллагад хандан гомдол гаргасан ч дорвитой арга хэмжээ авч чадахгүй, хүчрэхгүй байгаа аж. Сургууль, цэцэрлэгийн газраас эрх мэдэлтнүүд хумсалж, мөнгө олох хэрэгсэл болгох явдал нийслэлээр тогтохгүй орон нутагт ч дэлгэрсний илрэл нь энэ юм.
Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын II сургуулийн газраас 552 ам метрийг нь тус аймгийн Засаг даргын 2012 оны нэгдүгээр сарын 16-ны 14 дугаартай захирамжаар иргэн Ш.Маржангүлд гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлсэн аж. Тус аймгийн Нийгмийн даатгал, Халамжийн газрын албан тушаалтнуудад холбогдох хэрэгт шалгуулж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцлага хүлээгээгүй тухайн иргэн ямар замаар сургуулийн газраас дээрх хэмжээтэй талбайг эзэмшсэн нь анхаарал татна. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр Ш.Маржангүлийн аав С.Шүкирхан нь тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан нэгэн аж. Энэ үедээ буюу 2011 онд төрийн байгууллагуудын газрын тооллого зохион байгуулахад ерөнхий боловсролын II сургуулийн газар 16 552 ам метр байсныг 16 000 болгон хассан байж. Харин хассан 552 ам метр газрыг 2012 онд Ш.Маржангүлд Засаг даргын захирамжаар өмчлүүлсэн гэнэ. Ийнхүү авсан газраа Ш.Маржангүл нь 2024 оны гуравдугаар сард Н.Ергали гэх хүнд 350 сая төгрөгөөр худалдсан байна. Улмаар авсан газартаа Н.Ергали худалдааны төвийн барилга бариулахаар болжээ. Үүнийг нь сургуулийн захиргаанаас эсэргүүцэн аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрсдийн эзэмшлийн газраа буцааж авахаар хандсан юм байна. Харамсалтай нь, тус аймаг дахь шүүхийнхэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад зогсохгүй сургуулийн захирал асныг дахиж шүүхэд гомдол гаргах эрхгүй хэмээн захирамж гаргажээ.
Уг нь сургууль, түүний удирдлага нь өөрийн эзэмшилд байсан газрыг хууль бусаар алдсан гэдгээ нотлуулж, өмчөө буцаан авахаар хөөцөлдсөн ч шүүх нь ийнхүү хэт нэг талд үйлчилж буй учраас хүчин мөхөстөж байгаа бололтой.
Бидэнд олдсон мэдээллээр С.Шүкирханд холбогдох үйлдлийг хууль хяналтын байгууллагад шалгаж, тогтоосон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Мөрдөх байгууллагаас хууль бусаар сургуулийн газраас “хумсалсныг” тогтоож, Ш.Маржангүлд газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгох үндэслэл бүрджээ. Харамсалтай нь, Баян-Өлгий аймгийн Прокурорын газар, ЗДТГ-ынхан төрд өмчөө буцаан авах талаар ямар нэг арга хэмжээ авахгүй, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах талаар хөөцөлдөхгүй байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тиймээ улсын сургууль шиг хэрэггүй юм бхгүй хувийнхд өг, хувийн сургуулийн сургалтын чанар орчныг сайжруул!