СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-23

“Эх оронч сурагч” хөтөлбөрт долоон дүүргийн 46 сурагч хамрагдаж байна

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

Монгол хүний мөн чанар, үндэснийхээ өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжлийг олгох зорилгоор “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж байна.  Энэ хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, тус хөтөлбөр 7 дүүргийн 46 сурагч хамрагдаад байна.

Сурагчид 7 хоногийн турш “Хөдөлмөр” зусланд байрлаж байгаа бөгөөд олон төрлийн сургалт, сонирхолтой тоглоомуудаар дамжуулан эх оронч үзэл, үндэсний бахархал, нүүдэлчин ёс заншил, түүхийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж байна. Хөтөлбөрийн 3 дахь өдөр НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн, Д.Наянбаяр нар сургалт хөтөлбөртэй танилцаж, нэг өдрийг сурагчидтай хамт өнгөрүүлэв.

НИТХ-ын дарга А.Баяр сурагчдад эх орон, эх оронч сэтгэл, зөв хүн, ном уншихын давуу талын талаар илтгэл тавьж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулав. Харин НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн “Эх оронч сурагч” хөтөлбөрийн ач холбогдол, эх орныхоо ирээдүй болсон сурагчид монгол хүний онцлог, дархлаа юу байх ёстой талаар онцлон хэллээ. Мөн НИТХ-ын төлөөлөгч Д.Наянбаяр уг хөтөлбөрөөр дамжуулан монголынхоо талаар илүү их зүйлийг мэдэж, таньж авах, байгаль эх дэлхийтэйгээр хэрхэн харьцах гээд олон талаар санал бодлоо хуваалцсан юм.

Тус өдөр эргэлт хүлээн авах хуваарь таарсан бөгөөд  сурагчдын ар гэрийнхэн ирсэн байв. Сурагчид зусланд амрах хугацаандаа Монгол Улсынхаа далбааг мандуулж, төрийн дууллаа өглөө бүр дуулах, жагсаалын бэлтгэл хийх, багаараа олон сонирхолтой сургалтад хамрагдаж байгаагаа гэрийнхэндээ ярьж байв.

Харин эргэлтээр ирсэн эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүд эрүүл хооллож, утас, зурагт үзэхгүй, өглөө бүр эмх цэгц, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадварт суралцаж байгаад нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд богинохон хугацаанд ч гэсэн илүү бие даасан болно гэдэгт итгэлтэй байгаа талаар эцэг, эхчүүд ярьж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

хойд солонгосын цэргүүд шиг хараглаж байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.