Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ганцаарчилсан барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоо хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд Япон улсын баг зургаан алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн хүснэгтийг хол тасархай тэргүүлж IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээрээс барилдсан бөхчүүд гурван алт, хос мөнгөн медаль хүртсэн амжилтаар дэд байранд эрэмбэлэгдлээ. Харин манай улсын хувьд эрэгтэйчүүдийн -60кг жинд К.Ёолк, эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Ганхайч нарын хүртсэн хүрэл медалийн амжилтаар 15 дугаар байрт эрэмбэлэгдлээ.
Тэгвэл өнөөдөр холимог багийн барилдаан явагдана. Холимог багийн төрөлд 16 улсын баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх ба манай улсын багийн хувьд С хэсэгт БНСУ-ын багтай оноолт таарлаа.
Манай багийн хувьд ганцаарчилсан барилдаанд хүч үзсэн бөхчүүдээс гадна эрэгтэйчүүдийн -90кг жинд Азийн залуучуудын хошой хүрэл медальт Ц.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн +70кг жинд Улаанбаатар, Душанбегийн их дуулгын хүрэл медальт Д.Номинзул нар нэмэгдэж орж ирсэн байна.