Аймаг, дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэс бол нэрнээсээ эхлээд халамжийн үйлчилгээг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэнд хүргэх үүрэгтэй байгууллага. Ийм атал дарга нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор эрх мэдлээ урвуулж, Халамжийн сангаас хөрөнгийг нь завшдаг, танил талдаа өгдөг, өөрсдөө хувь хүртэх явдал гарсаар байна.
Хэдэн жилийн өмнө Баян-Өлгий аймгийн Халамжийн хэлтсийнхэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэрээр мөнгө завшсан хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгүүлж байв. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний (тэр үеийн нэршлээр) газрын эрх бүхий албан тушаалтнууд 2008-2012 онд Халамжийн сангийн хөрөнгөөс 90.5 сая, Монгол Улсын харьяатаас гарсан 299 иргэнд Хүний хөгжил сангаас 139.4 сая, нас барсан 127 хүний нэрээр 17.9 сая гэх мэтээр нийт 260 сая гаруй төгрөг завшсан хэрэг нь тухайн үедээ олны анхааралд өртөж байлаа.
Түүнээс хойш Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын удирдлага нь хөрөнгө завшсан, өнөөгийн УИХ-ын гишүүн, “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны гуравдугаар сарын 21-нд 03 дугаартай тогтоол гаргаж, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталж, албан тушаалаа урвуулсан, уг тушаалынх нь дагуу ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Б.Баттөгс нар хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн, гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн хэрэгт буруутгаж байсныг ч уншигчид мартаагүй.
Энэ мэтээр улс орон даяар тархсан хавтгайрсан халамжийг далимдуулж, Халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, завших тохиолдол гарсаар байгаа юм. Үүний нэг жишээ нь, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-ийн даргаар ажиллаж байсан Л.Цолмонгэрэл, тус хэлтсийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Даваахүү, УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байсан иргэн Г.Мөнхтуяа нарт холбогдох хэрэг. Л.Цолмонгэрэлийн хувьд дээрх хэргээс гадна бас өөр үйлдлүүдэд ч холбогдсон юм билээ. Уг хэргүүдээс уншигчдадаа хүргэе.
Дэлхий даяар тархаж олон хүний амь, эрүүл мэндэд заналхийлсэн “Ковид-19” цар тахлын жилүүдийг монголчууд мартаагүй. Энэ үед төр засгаас ард түмний орлогыг таслахгүй гэх халхавч дор төсөл, хөтөлбөрүүд ч хэрэгжүүлж байсан. Тэдгээр төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээс иргэд шударгаар хүртсэн үү гэдэг нь одоо ч эргэлзээтэй. Ийм төсөл, хөтөлбөрийг мэдээлэлд ойр хүмүүс эрх мэдлээ далимдуулан зувчуулсан тохиолдол ч бий.
Тэгвэл Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2021 оны хоёрдугаар сарын 9-нд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр батлах тогтоол гаргасан аж. Уг тогтоолоор “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр” гэх баримт бичиг боловсруулж, иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгохоор болсон байдаг. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийнхэн байгуулж ажиллахдаа дарга Л.Цолмонгэрэл нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон юм. Түүнийг 2022 оны гуравдугаар сараас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн билээ.
Уг нь дээрх хөтөлбөрт “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны, энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5 000 000 (таван сая) хүртэл төгрөгийн, эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэж заасан байж. Гэтэл уг шаардлагыг хангахгүй иргэн Г.Мөнхтуяа өөр хүний нэр дээр төсөл бичиж хүргүүлэн, уг мөнгийг авчээ.
Өөрөөр хэлбэл, Б.Ү гэх хүний нэрээр төслөө цахимаар хүргүүлснийхээ дараа Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн дарга Л.Цолмонгэрэлтэй утсаар холбогдож “Б.Ү гэдэг манай эгч байгаа юм. Төслийг нь анхаараад өгөөч” гэж ярьж нөлөөлжээ.
Г.Мөнхтуяа энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн туслахаар ажиллах үедээ Л.Цолмонгэрэл даргатай танилцаж, ажил хэргийн шугамаар холбоотой байсан. Анх УИХ-ын гишүүний сонгогдсон тойргийн ахмадуудыг амралтад амраах асуудлаар уулзаж танилцаж байсан. Цар тахлын жилүүдэд орон сууцын зээлтэй байсан юм. Түүнийгээ төлөхийн тулд хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл авахыг зорьсон. Өөрийнхөө энэ болчимгүй үйлдлээс болж Л.Цолмонгэрэл, Ц.Даваахүү нарыг хэрэгт холбогдуулан өдий хүртэл хохироож байна” хэмээсэн юм.
Г.Мөнхтуяа 2021 оны хавар анх уг төслийн талаар мэдээлэл олж, өмнөөс нь зээл авах хүн хайж эхэлсэн байна. Энэ талаар нэгэн гэрч “2021 оны хавар Г.Мөнхтуяа надтай холбогдоод “нийгмийн даатгал төлдөггүй таньдаг хүн байна уу, тийм хүн байвал бичиг баримтыг нь дансны дугаартай нь аваад өгөөч. Баянзүрх дүүргийн ХХҮХ-ээс зарласан ажилгүйдлийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж хэдэн төгрөг авах юм. Гол нь дансанд нь мөнгө орвол гаргаад өгөх найдвартай хүн байх хэрэгтэй” гэж ярьсан. Би тухайн үед уг нь өөрийнхөө нөхрийг Баянзүрх дүүргийн ХХҮХ-ээс зарласан ажилгүйдлийг дэмжих хөтөлбөрт хамруулахаар материал бүрдүүлж байсан юм. Тиймээс Багшийн дээдэд байдаг бичиг хэргийн нэгэн газраас оёдлын цехийн төсөл худалдаж авсан. Гэтэл Г.Мөнхтуяа “Танай нөхөр хөтөлбөрт хамрагдах боломжгүй хүн учраас зээл авч чадахгүй шүү дээ” гэсэн. Тиймээс уг худалдаж авсан оёдлын цехийн төслөө Г.Мөнхтуяад өгсөн юм. Ингээд Г.Мөнхтуяа Б.Ү-ын бичиг баримтыг ашиглаж, түүний нэрээр Баянзүрх дүүргийн ХХҮХ-т материал өгөөд 5 000 000 төгрөгийн санхүүжилт Төрийн банкны дансаар нь авсан. Б.Ү-ын дансанд уг мөнгө орсон ч тэрбээр “мөнгө орж ирээгүй” гэж хэлээд гаргаж өгөлгүй хэд хоносон. Б.Ү наадам таарсан болохоор өөрийнхөө наймаанд эргэлдүүлсэн юм байна лээ. Г.Мөнхтуяа “Б.Ү-ын дансанд мөнгө орсон, та авч өг” гээд надаас нэхээд байсан. Би үүнээс болж Б.Ү-тай муудалцаж байж, 2021 оны долоодугаар сарын 26-нд “шатны түрээс” гэдэг гүйлгээний утгатайгаар уг мөнгийг миний данс руу шилжүүлсэн” гэж ярьжээ.
Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн ажилтан Ц.Даваахүүг буруутган яллагдагчаар татаж, шүүгдэгчийн ширээнд суулгасан юм. Өөрөөр хэлбэл, хэлтсийн дарга Л.Цолмонгэрэлийн өгсөн хууль бус тушаал, шийдвэрийг хэрэгжүүлснээр албан тушаалаа урвуулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж буруутгагджээ. Тэрбээр мэдүүлэхдээ “Иргэдээс ирүүлсэн төсөл, материалыг 2021 оны тавдугаар сарын 14-нөөс зургаадугаар сарын 4-нийг дуустал цахимаар хүлээн авсан. Нийт 89 төсөл ирснээс найм нь бичиг баримтын шаардлага хангаагүй, урьд нь төсөл, хөтөлбөрт хамрагдаж байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн шалтгаанаар хасагдсан. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг боловч давхар ажил эрхэлдэг бол хөтөлбөрт хамрагдах ёсгүй юм. Иймд ажил эрхэлдэг, эсэхийг нь тухайн иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нь тодорхойлдог. Ингээд ажлын хэсгийн гишүүд хуралдаад шаардлага хангасан 81 төслийг газар дээр нь шалгаж, ажлын байртай нь танилцъя гэж тохирон, газар нутгийн байрлалаар нь гурван хэсэгт хуваасан. Тэр үед даргын надад захиж байсан Б.Ү-ын төсөл нь манай ажлын хэсгийн гишүүн С, П нарын шалгах хэсэгт хуваарилагдсан. Тэгэхээр нь би Л.Цолмонгэрэл даргад энэ талаар хэлсэн. Гэтэл дарга “Б.Ү-ын ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Консулын гудамжны ... тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэв. Би даргын надад өгсөн зураг, хаягийг Б.Ү-ын төслийн ажлын байрны танилцуулгад бичиж оруулсан юм” гэсэн байна.
Уг нь төрийн албан хаагчид тодорхой хуулийн хүрээнд эрх, үүрэг хүлээдэг. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 37.1.2-т “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39.1.1-т “Албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, Авлигын эсрэг хуулийн 7.1.1 дэх заалтад “Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3-т “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэж заасан. Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн дарга Л.Цолмонгэрэл эдгээр заалтыг зөрчин удирдлага доорх албан тушаалтандаа нөлөөлж, УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байсан Г.Мөнхтуяад давуу байдал олгосон хэмээн буруутгагдсан аж.
Энэ хэргийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалан хийсэн хурлаас дээрх гурван хүнийг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тооцов. Улмаар Л.Цолмонгэрэл, Г.Мөнхтуяа нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 10 000 нэгжтэй тэнцэх буюу 10 сая төгрөгөөр торгох ял оноолоо. Харин Ц.Даваахүүгийн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Уг нь тэдэнд холбогдох хэргийг одоогоос нэг жилийн өмнө буюу 2024 оны зургаадугаар сарын 24-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд Ц.Даваахүүгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Л.Цолмонгэрэл, Г.Мөнхтуяа нарт 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэн, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасаж байв. Гэвч дээд шатны шүүхээс уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноор ийнхүү өчигдөр дахин шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн даргаар ажиллаж байсан Л.Цолмонгэрэл албан тушаалаа урвуулан ашигласан бас өөр хэрэгт холбогдож, гэм буруутай, эсэхийг нь шүүх дэнслэхээр товлоод байв. Л.Цолмонгэрэл, В.Лхагвадулам, Б.Батхуяг, Ж.Баярмаа нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг удирдан өнгөрсөн сарын 8-нд хийсэн юм. Энэ үеэр Л.Цолмонгэрэлийн өмгөөлөгч нар шүүхээр өчигдөр шийдвэрлэсэн дээрх хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг явуулж буйтай нь нэгтгэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг харгалзан үзэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байв. Шүүх үүнийг харгалзан үзсэнийх үү, эсвэл мөрдөн шалгах ажиллагаанд дутуу зүйл байснаас болсон уу, прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан юм. Үүнийг нь НПГ-ынхан үндэслэлгүй гэж үзэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ.
Л.Цолмонгэрэл, В.Лхагвадулам, Б.Батхуяг, Ж.Баярмаа нар Халамжийн сангийн хөрөнгийг завшиж, хувааж авсан хэрэгт холбогдсон аж. Тодруулбал, Л.Цолмонгэрэл 2018 оноос 2022 оны хооронд хэлтсийнхээ Халамжийн сан хариуцсан мэргэжилтэн В.Лхагвадуламтай хамтран Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Госрай” ХХК-ийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлэн тухайн аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал Б.Батхуягт давуу байдал олгосон хэмээн буруутган АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгасан байна. Өөрөөр хэлбэл, уг компанийн дансанд 157 сая, Л.Цолмонгэрэл өөрөө 266 сая, В.Лхагвадулам 39.4 сая, Б.Батхуягт 21.8 сая гаруй төгрөг олгож эдийн засгийн давуу байдал үүсгэсэн хэрэгт холбогдсон юм билээ. Ахмадуудыг хөнгөлөлттэй үнээр амраадаг аж ахуйн нэгжүүдээс уг “Госрай” ХХК-ийн “Уран дөш” амралт, сувиллын газрыг сонгосон нь өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж үзээд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “ Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтыг үндэслэн шүүхэд шилжүүлсэн байдаг.
Уг нь нэг яллагдагчийн холбогдсон эрүүгийн хэргүүдийг нэгтгэх, тусгаарлах эрх нь прокурорын байгууллагад бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-2.6-д прокурор “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, сэргээх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, сэргээх, нэгтгэх, тусгаарлах эрхтэй” гэж заасныг үндэслэн Л.Цолмонгэрэлийн холбогдсон хэргүүдийг тус тусад нь шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь мэдээж. Эл хуулийн 29.2-1 дэх хэсэгт “Нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна”, 29.2-8-д “Прокурор нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж болно” гэж заасныг үндэслэн тус тусад нь хэргийг нь шийдвэрлүүлэхээр ийнхүү шүүхэд шилжүүлсэн бололтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.