Монгол түмний өмч, хэзээ нэгэн цагт ногдол ашиг хүртэнэ хэмээн хүлээж байсан "Оюутолгой" компанийн баялаг монголчуудынх ч биш, уг компанийх ч биш болсон байсныг хараад хэнд ч гайхах, эгдүүцэх сэтгэл төрөх нь аргагүй юм. "Оюутолгой" компанийн талбайн баялаг ихтэй, өрөм болсон хэсэг нь мөн адил Канадын хөрөнгө биржид бүртгэлтэй "Онтре гоулд" хэмээх компанийн өмч болчихсон байх.
"Онтре"-гийн эзэмшлийн талбайд 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молбидений нөөц бий. Энэ нь Оюутолгойн бүлэг ордын зэсийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибденийн металлын 94 хувь нь хамаарч байгаа юм.
Тус компанитай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ идэвхийлэн ажиллаж байсан ба өдгөө түүний орыг залгасан Г.Занданшатарын нүүдлийг бүгд хүлээн харж байна.
Учир нь, Монгол Улсын Их хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 103 дугаар тогтоолыг баталсан. "Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай" тогтоолыг баталсны дараа тухайн үед УИХ-ын дарга байсан Г.Занданшатар "Бид ирээдүйд үүсэх эрсдэлээс сэргийлж чадлаа" хэмээн мэдэгдэж байсан юм.
Г.Занданшатар улс төрийн өндөр албан тушаалд дахин гарч ирлээ. Одоо түүнд "Онтре"-гийн талбайд буй алт, зэс, молибединд Баялгийн сангийн хууль болон бусад журамд нийцсэн хууль тогтоомжуудыг батлуулах, өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй татвар болон хөрөнгө оруулалтын хуулийн хэрэгжилтийг хангуулах бүрэн боломж гарч ирлээ.
Магадгүй, үүнийг хийж, цаашилбал Оюутолгойн үр өгөөжийг хүртэх хугацааг наашлуулж чадвал түүхэнд нэрээ үлдээж мэдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.