Big Bang хамтлагийн гишүүн Taeyang буюу Dong Young-bae Монгол Улсад хүрэлцэн ирж, зургаадугаар сарын 21-нд Төв Цэнгэлдэхэд тоглолтоо хийхдээ өөрийн улсын брэнд бүтээгдэхүүн болох “Теrrа” шар айргийг сонгожээ. Хэдийгээр гадны уран бүтээлч юуг сонгох нь хүний эрхийн асуудал боловч хэдэн мянган хүн цуглах тоглолт дээр монгол айраг сонгосон бол… гэсэн яриа хүчтэй гарч байна.
К-поп гэдэг нь зөвхөн урлаг гэхээсээ илүүтэйгээр бизнес гэхэд болно. Тухайн хамтлаг дуучинг дагалдаад олон төрлийн худалдаа, үйлчилгээ ашгаа хүртдэг. Гэхдээ дэлхийн хэмжээний одын тоглолтоос манай улсад үлдэж хоцрох ашиг гэх зүйл бараг л харагдахгүй байна. Тухайн тоглолтыг олон мянган залуус үзэж сонирхоно. Төв цэнгэлдэх хүрээлэн 20 мянган хүний багтаамжтай. Тэр хэрээр худалдаалж буй бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр борлуулагдах нь дамжиггүй. Ингээд бодохоор хэр хэмжээний ашгийг нэг оройн тоглолтоос “Теrrа” хүртэх нь ойлгомжтой болж байгаа юм.
Түүнчлэн “Super concert 2025”тоглолтын тасалбар 120-750 мянган төгрөгийн үнэтэй солонгосын хамтлаг дуучид ч хэдэн тэрбумаар тоологдох ашиг орлого хүртэнэ. Гэсэн ч энэ их мөнгөний хэсэгхэн нь манай улсын эдийн засагт оролгүй гадны улсын ашиг болж гадагшаа урсах нь ээ.
Манай улсад ч зохион байгуулагддаг Play time фестивалийн өдрүүдэд монгол шар айргаар үзэгч сонсогчдодоо үйлчилдэг. Гэтэл солонгосчууд ирээд өөрсдийн шар айргаа борлуулж, түүнийгээ ууж, солонгос ресторан, буудлаар үйлчлүүлээд буцдаг. Харин бидэнд ямар эдийн засгийн эерэг үр нөлөөг үзүүлсэнгүй.
Бид ч өөрсдийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, нөгөө талаас эдийн засгаа дэмжих эх оронч хандлагыг хэвшүүлж, энэ талаар дуугарах цаг нэгэнт иржээ. Дэлхийн хэмжээний од, дуучны шоу тоглолтыг зохион байгуулагчид менежментдээ шинэчлэл хийж дотоодын аж ахуй нэгжүүдээ дэмжиж ажиллахыг уриалж, шахаж шаардах шаардлагатай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.