СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцав

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

2025-2026 оны хичээлийн жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үүднээс хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэхээр НЗДТГ-аас ажиллаж байна.

Ялангуяа шинэ суурьшлын бүс, сургууль, цэцэрлэг цөөхөн байршлуудад энэ үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм. Тодруулбал, долоон байршилд санхүүгийн түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх хэлцлийг зарлаж, хоёр иргэн, дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагаас санал хүлээн авсан. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан тэдгээр санал ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгууламжтай танилцлаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан “Түрээсийн гэрээ байгуулан төрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжтой сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн мэдээлэл, санхүүгийн түрээсийн саналыг хүлээн авсан. Ингэхдээ ирэх хичээлийн жилд цэцэрлэг, сургууль хамгийн их хэрэгтэй байгаа долоон байршлыг сонгосон. Өнөөдөр эдгээр байршилд санал ирүүлсэн барилга байгууламжтай танилцаж байна. Эдгээр барилга, байгууламж стандартад нийцэж байвал хичээлийн жил эхлэхээс өмнө цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 950 цэцэрлэгийн насны хүүхэдтэй. Өнөөдрийн байдлаар 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг 400 орчим хүүхдийг хүлээн авч үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус хороонд 240 ортой хүүхдийн цэцэрлэг барьж байгаа боловч бидэнд дахин 320 орчим хүүхдийн цэцэрлэгийг шийдэх шаардлага үүсэж байна. Энэ хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн зориулалттай барьсан барилга байгууламжийг судалж байна” гэв.

Дараах долоон байршилд хэлцлийг зарлаж, 2025 оны тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 6-ны өдрийн 10:00 цаг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас саналыг авсан.

Тодруулбал,

Цэцэрлэгийн барилгын байршил:

  • Баянгол дүүрэг, 5 дугаар хороо
  • Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо
  • Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо
  • Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо
  • Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо
  • Сургуулийн барилгын байршил: 

Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороонд тус тус хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн зориулалттай барьсан барилга байгууламжийг түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэхээр судалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.