ЦЕГ: 18 адууг хулгайлж, бойнд өгсөн малын хулгайчдыг 5-12 жилийн хорих ялаар шийтгэнэ

2025 оны 6-р сарын 7-ны өглөөний 04:30 цагт, Монгол түмний өв соёл болсон морьт харвааны спортод бэлтгэгдэж байсан 18 морь Жаргалантын амнаас хулгайд алдагджээ. Харамсалтай нь 3-4 хүн нийлж, GPS-ийг нь таслан баруун хойш чиглүүлэн тууж одсон нь ойр орчмын камерын бичлэгт тод үлдсэн байдаг.

Хулгайд алдагдсан 18 адууг бойнд өгсөн бөгөөд хэргийг 17-29 насны дөрвөн залуу үйлдсэн байж болзошгүй байна. Тус хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодрууллаа.

ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах, цагдаагийн хошууч Б.Баярбилэг:

-Энэ сарын 7-ны өдрийн 19:30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрээс наадмын үйл ажиллагаанд оролцуулахаар бэлтгэгдэж байсан 18 тооны 5-12 насны адуу алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан.

17-29 насны дөрвөн этгээдийг уг гэмт хэрэгт холбогдуулан, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хулгайд алдагдсан морьдыг СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах мал бойны газар төхөөрсөн, нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 12-т мал хулгайлах гэмт хэргийг тодорхой хуульчилж өгсөн байдаг. Мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд 5-12 жилийн хугацаатай хорих ял шийтгэдэг гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.