СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Даншиг нь монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.

Энэ жил уг наадмыг анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тус наадмыг Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор зургаадугаар сарын 27-ны өдөр эхлүүлнэ. Мөн энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулах юм.  

Түүнчлэн уг наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно. Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.