Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар 1.1 тэрбум төгрөгийн орон сууц, 286 сая төгрөгийн хадгаламжтай
МАН-ын Удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар Г.Занданшатарыг Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд, МАН-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжжээ.
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн талаар хэлэлцжээ. Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд, МАН-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжжээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг МАН-ын Бага хурлын гишүүдийн олонх гаргах юм.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын намтрыг хүргэж байна.
Гомбожавын Занданшатар (1970 оны 3 сарын 8-нд төрсөн. Баацагаан сум, Баянхонгор аймаг) нь улс төрч, Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын дарга асан. УИХ-д гурван удаа сонгогдсон. Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн.
Боловсрол
- 1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн.
- 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн.
- АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.
Ажилласан байдал:
- 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач
- 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал
- 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч
- 2000-2003 онд ХААН банкны дэд захирал
- 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
- 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд
- 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2019 оноос Монгол Улсын Их Хурлын дарга
- 2024 оны 7 дугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга
Улс төр
- 1998 онд МАХН-д элсэж, 2004, 2008, 2016, 2020 онд Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогджээ.
- Парламентын гишүүнээр сонгогдсон 4 бүрэн эрхийн хугацаандаа тэрбээр УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Гадаад харилцааны сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Их Хурлын даргаар ажилласан байна.
- Г.Занданшатар банк, санхүү, татвар, хяналт шалгалт, зөвлөлдөх ардчилал, ард түмний Үндсэн хуулиар олгосон засаглах эрхийг хангах зэрэг чиглэлээр 30 гаруй томоохон хууль санаачлан батлуулжээ.
- 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн.
Цол, шагнал
- “Банк санхүүгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг. (1999 он)
- “Алтан гадас” одон. (2005 он)
- Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол. (2011 он)
- Украин улсын төрийн дээд шагнал Цэцэн Ярославын одон, III зэрэг. (2011 он)
- ОХУ-ын Байгалийн улсын их сургуулийн хүндэт профессор цол (2012 он)
- Сүхбаатарын одон (2022)
Хөрөнгө орлогын мэдүүлэг:
- 1.1 тэрбум төгрөгийн орон сууц, барилгатай
- Жилд 84 сая төгрөгийн орлоготой, гэр бүл нь 254 сая төгрөгийн орлоготой.
- 80 сая төгрөгийн Ниссан Мурано авто машинтай
- 15 сая төгрөгийн таван адуу
- 130 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй
- 286 сая төгрөгийн хадгаламжтай
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.