Х.Нямбаатар: Хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурч, өвөл хөлдөх эрсдэл үүснэ
Зургаадугаар сарын 2-3-нд шилжих шөнө Дулааны гуравдугаар цахилгаан станцад гал гарч, нэг ажилтан амиа алдсан. Тус ослын улмаас Улаанбаатар хотын зарим байршил ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүссэн гэж Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэллээ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
- “1200-1500 тн орчим халуун ус буюу 100г/кал дулааны ачаалал, 50 мВт цахилгааны ачаалал доголдож, ХУД-ийн Мишээл, Зайсан, Оргил, Удирдлагын академи, Хүннү, Жапан таун, 120 мянгат, 19-р хороолол, Их тэнгэр, Маршал таун, Баруун 4 замаас Чингис зочид буудал, хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурна.
Шинэ Засгийн газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ.
Нийслэлээс өнгөрсөн жил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 200 МВт цахилгаан үйлдвэрлэл нэмэгдүүлж, 2024-2025 оны өвлийг давсан. Харамсалтай энэ ослоор эрдэнэт хүний амь эрсдэж, улсад ихээхэн хохирол учирлаа. Улаанбаатарчууд ирэх өвлийг дулаан давахад Засгийн газар уг асуудлыг нэг өдөр ч алдалгүй анхаарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.