Дэлхийн хотууд төлөвлөөд хөгждөг болохоос хөгжчихөөд төлөвлөдөггүй. Үүнийг дэлхийн түүх харуулна. Төлөвлөөд төлөвлөгөө ёсоор хөгжсөн Ром, Нью-Йорк, Сингапур, Токио, Сөүл зэрэг хотын түүх бишгүй бий. Энэ нийтлэл түүхийн хичээл биш учраас гол асуудалдаа оръё. Одоо улс төрийн хувьд харлуулж, чичлүүлээд байгаа ч Х.Нямбаатарыг хотын дарга байхад нийслэл хотын эрх зүйн байдал дээрдэж, Улаанбаатар хот 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болов. Энэ бол маргаж болохгүй үнэн.
Аливаа хот гэдэг бол хүн амын төвлөрөл. Хүн төвлөрөх тусам эргэх мөнгөний урсгал нэмэгдэж таараа. Энэ мөнгөн урсгалыг хүн амын төвлөрлийн сөрөг үр дагаврыг бууруулахад чиглүүлэх ёстой. Энэ дэлхий дээр байгаа бүх улс орнууд ялангуяа хөгжлийн гараа нэг түвшинд эхэлсэн пост коммунист улсуудад төлөвлөлтийн төвд нь хүн, дараа нь мөнгө оршдог юм. Хүн төвтэй байж гэмээж нь эргэлдэх мөнгөн урсгал нэмэгддэг болохоор тэр л дээ.
Улаанбаатар хотын Хөгжлийн төлөвлөгөөг хамгийн анх 1938 онд “Улаанбаатар хотын байдлыг сайжруулах төлөвлөгөө” нэртэйгээр хийж байв. Тухайн үед хүн амын тоо 40 гаруй мянга байж. Үүний дараа албан ёсны анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд 120 мянган хүнд зориулж боловсруулсан юм. Энэ цагаас хойш 1986 он хүртэл нийт дөрвөн удаагийн ерөнхий төлөвлөгөөг ЗХУ-ын Москва хотын “ГИПРОГОР”-д боловсруулсан юм. Үүнээс хойш шинэ нийгэмд хуучин хувцастайгаа алхан орсноос хойш яг 10 жилийн дараа буюу 2002 онд боловсруулж, 2020 он хүртэл нийт хоёр удаагийн ерөнхий төлөвлөгөө, нэг удаагийн тодотголтойгоор боловсруулсан юм. Энэ цагаас хойш бодвол анх 40 мянга хүрэхтэй үгүйтэй байсан Улаанбаатар хотод яг одоо 1.7 сая иргэн аж төрж, дотоодын нийт бүтээгдэхүүний 63% буюу 43.3 их наяд төгрөгийг зөвхөн энэ л хот дангаараа үйлдвэрлэж байна. Олдог нь мега, асуудал нь ч мега байгаа болохоор өнөөгийн хотын асуудал дуусахгүй юм шиг ундраад байгаа юм. Улсын нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны нэгжийн түүх 1960 оны Үндсэн хуулиас эхтэй. Уг хуулиар Улаанбаатар хотын засаг захиргааны нэгжийг дөрвөн дүүрэгт хуваасан юм. Тухайн үед хүн ам 145.8 мянга байв. Үүнээс хойш явсаар Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсан. Уг хуулиар нийт есөн дүүрэг байхаар шинэчлэв. Тухайн үед хүн ам 575 мянга л байлаа. Харин одоо Улаанбаатар хотод 1.7 сая хүн ам оршин сууж байна. Хамгийн гол нь хөдөлмөрийн насны хүн амын 1.04 сая нь сууж байгаа гэж бодохоор Засаг захиргааг хүн амд нь тааруулж шинэчлэхээс өөр аргагүй нөхцөл байдал бидэнд тулж ирлээ. Чухам иймийн учир Нийслэл Улаанбаатар хот нэг төвт төвлөрсөн хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжих шаардлага үүссэн юм. Шаардлагад нийцэн хөгжиж чадвал иргэд, олон нийтэд нийгмийн болон төрийн үйлчилгээг ойртуулах нөхцөл бүрдэнэ. Тийм ч учраас хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд “20 минутын хот” үзэл баримтлалаар 14 хотыг төлөвлөн хөгжүүлж, дэд төв байгуулахаар тусгасан билээ.
Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ гэж тооцоод байна.
Аливаа төлөвлөгөөг боловсруулах их ажлын тал нь. Чухам ийм учраас нийтийн оролцоотой, түүнд түшиглэсэн төлөвлөлттэй байж гэмээж нь энэ төлөвлөгөө хэрэгжих учиртай. Нэг талаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн жил шинэчлэн найруулсан. Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Нөгөө талаас шинэлэн найруулсан хууль түшиглэн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Эрх зүйн хоёр тулгууртай болсон энэ цагт улс төржилгүйгээр хотын хөгжлийг шуудруулах учиртай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.