Засгийн газраас Татварын багц хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. "Эдгээр татварын хуулийн өөрчлөлтөөр төсөвт 4 их наяд төгрөгийн өөрчлөлт орох тооцоо байна. Нэг удаагийн төсөв дээр ийм ачаалал авч дийлэхгүй. Иймд 2026,2027 онуудад эдгээр өөрчлөлтийг хийхээр төлөвлөсөн" гэж УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хэлж байна.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:
-Татварын тогтолцоонд таван жилийн дараа дахин өөрчлөлт орох гэж байна. Татварын дөрвөн хуульд өөрчлөлт орохоор байна.
Бүх иргэдийн сарын 500 мянган төгрөгийн худалдан авалтыг 100 хувь, 500-800 мянган төгрөгийн худалдан авалтыг 50 хувиар, 800 мянгаас дээш бол 20 хувь гээд хуучнаараа НӨАТ-аас хөнгөлөгдөнө. 500 мянга гэхээр НӨАТ уншуулж худалдан авалт хийдэг 51 хувь нь бүрэн чөлөөлөгдөж НӨАТ төлөхгүй. Харин 20 хувь нь 50 хувийн буцаан авалт хийнэ. Харин үлдсэн 27 хувь нь хуучнаараа төлнө. Нийт иргэдийн 50-70 хувь нь НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөнө. Шаталсан НӨАТ-ын систем рүү шилжиж байна.
Түүнчлэн хөдөлмөр эрхэлж буй бүх хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний орлого буюу 800 мянга нь 100 хувь хөнгөлөгдөнө. Татвар төлөхгүй гэсэн үг. 800 мянган төгрөг гэдэг нь нийт иргэдийн 45 хувь нь татвараас бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл 1 сая төгрөгийн орлоготой хүн 800 мянга дээр татвар төлөхгүй. 200 мянган төгрөг дээрээ татвар төлнө гэсэн үг.
Бүх нийтээрээ татвараа тэгш, шударга татвар төлөх эрхзүйн орчныг бүрдүүлэх хүрээнд үйл ажиллагааны орлогыг шатлалд хамруулах хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож, татварын хөнгөлөлт эдлүүлнэ. Аж ахуй нэгжийн 25 хувиар татвар төлдөг босгыг 6 тэрбум төгрөг байсныг 10 тэрбум төгрөг болгож, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгож бууруулна. Түүнчлэн жижиг дунд аж ахуй нэгжийг дэмжих хүрээнд 1 хувиар татвар төлөх орлогын босгыг 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, гурван жил хөнгөлөх шинэ зохицуулалт орж ирж байна. Татварын өртэй татвар төлөгчийн банкны дансыг бүхэлд нь хаах бус 80 хувийг битүүмжилж, үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хуулийн төсөлд тусгасан.
Эдгээр татварын хуулийн өөрчлөлтөөр төсөвт 4 их наяд төгрөгийн өөрчлөлт орох тооцоо байна. Нэг удаагийн төсөв дээр ийм ачаалал авч дийлэхгүй. Иймд 2026,2027 онуудад эдгээр өөрчлөлтийг хийхээр төлөвлөөд байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.