Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн

Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд 186.839 ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна.

Явган замын ажилтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар Сүхбаатарын талбай орчимд ажиллалаа.

Д.Сүхбаатарын талбай орчимд төв талбайн хоёр талын нийт 5012 ам метр талбай бүхий явган замыг шинэчилж буй. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Хот явган замын стандарт мөрдөж байгаагүйгээс маш олон төрлийн материалаар хийсэн явган замтай болсон. Яг энэ Ленин клубийн автобусны орчимд гэхэд л алаг хавтан, асфальт, гөлгөр гадаргуутай чулуун зам эсвэл бетоноор хучсан алаг цоог явган замууд байна. Тиймээс явган замын иж бүрэн шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. ” гэлээ.

Түүнчлэн явган замын шинэчлэлийн хүрээнд гэрлийн шонд өлгөсөн кабелийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын кабелийн утаснуудыг явган замын доогуур сувагчилж, далдана гэдгийг онцолсон юм. Харин нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Энэ жил 15 байршилд явган замын ажил хийхээс есөн байршилд гүйцэтгэгч шалгараад ажлаа эхлүүлээд байна. Бусад байршлуудад тендер зарласан. Д.Сүхбаатарын талбайн хоёр талын нийт 5012 ам метр талбай бүхий явган замыг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн шинэчилж байна. Үргэлжлүүлэн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын томоохон гудамж, замууд шинэчлэхээр төлөвлөсөн” гэдгийг хэллээ.

6838118358634c4a0f55ffd6

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.