СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Засаг дарга байсан С.Гансэлэмд торгох ял шийтгэж, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Д.Ариунболдыг цагаатгав

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 хоногийн өмнө

Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, тус аймгийн Засаг дарга асан С.Гансэлэм нарт холбогдох хэргийг удаа дараа хойшлуулсны эцэст дөрөвдүгээр сарын 24-25-нд хэлэлцжээ.

Тэдний албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон гэх хэргүүдийг нэгтгэн хэлэлцсэн юм.

Тодруулбал, С.Гансэлэм Засаг дарга байхдаа Д.Ариунболдын үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжид Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын хуучин хөөрөх, буух зурвасын хамгаалалтын бүсэд 15 жилийн хугацаатай газар олгож, тухайн компани нь бөөний худалдааны төв барихаар болсон байдаг.

Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр, ийнхүү Д.Ариунболдод давуу байдал олгосон хэрэгт буруутгагдсан.

Харин Д.Ариунболдын хувьд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй холбоотой “Нүүрсний” гэх хэрэгт холбогдон 2023 онд цагдан хоригдож байсан нэгэн. Тэрбээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд ажилласан бөгөөд энэ үедээ бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдсон юм.

Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компанид давуу байдал бий болгож 360 000 ам.долларын хахууль авсан хэмээн буруутгасан.

Говь-Алтай аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалан НПГ-ын хяналтын прокурор Ч.Батзориг, Б.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Ариунболд, С.Гансэлэм, тэдний өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баатарсайхан нарыг оролцуулан хийсэн шүүх хурлаас хахууль авсан, албан тушаалаа урвуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн Д.Ариунболдын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ.

Харин С.Гансэлэмийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасан 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Анхан шатны шүүхийн эл шийтгэх, цагаатгах тогтоолыг прокурор эсэргүүцэж, дээд шатных нь шүүхэд хандахаар болж буй гэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.