Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км урт, 7 метр өргөн, хоёр урсгал бүхий авто замын ажил 20 хувьтай үргэлжилж байна. Тус авто замын гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” ХХК шалгарч, тавдугаар сарын 5-наас ажлаа эхлүүлсэн.
Авто замын ажлын явцын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг шинэчилнэ. Үүний нэг болох Морингийн давааны замаас барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км авто замын далан суурийн үеийг дэвсэх ажил үргэлжилж байна. Уг авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг ирэх есдүгээр сард нээнэ. Мөн зам шинэчлэлтийн хүрээнд авто замын хоёр талд 1.5 метр өргөн явган хүний зам барина” гэлээ.
Авто замын ач холбогдлын талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газын дарга Г.Билгүүн “Хүнд даацын автомашинууд эвдрэл ихтэй шороон замаар зорчсоноор машины элэгдэл, хорогдол гарах, орчны бохирдол үүсэх зэрэг асуудал ихээр гардаг байсан. Харин уг зам ашиглалтад орсноор үүссэн асуудлууд шийдэгдэх юм. Мөн 2026 оноос Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааг зогсооно. Ийнхүү Морингийн давааны болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт Улаанбаатар хотын нийт хог хаягдал төвлөрөх юм. Түүнчлэн Морингийн давааны барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлснээр дахин боловсруулсан хайрга дайргыг жил бүр хийдэг авто замын урсгал засварт ашиглахаар төлөвлөж байна. Мөн тус байршилд хог хаягдлаас гадна малын сэг зэм их байдаг. Иймээс цаашид тухайн орчмыг хог хаягдлын эко парк хэлбэрээр хөгжүүлэн, ангилан ялгах, бордоо хийх үйлдвэрүүдийг төвлөрүүлэх бодлого баримталж байгаа тул уг авто зам нь ихээхэн ач холбогдолтой юм” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.