СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-20

“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцоно

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, “КОЙКА” Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Бид эмэгтэйчүүд” чуулганыг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна.

Чуулга уулзалтад 21 аймаг, 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 143 эмэгтэй төлөөлөгч, 330 сум 9 дүүргийн 660 төлөөлөгч, нийт 800 гаруй эмэгтэйчүүд оролцоно. 

Чуулганд УИХ-ын гишүүд мэндчилгээ дэвшүүлэхээс гадна БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн, Японы тэргүүн хатагтай асан Абэ Акиэ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска оролцох ажээ.

Мөн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо”, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Орон нутгийн хүний эрхийн төлөв байдал”, Сүхбаатар аймгийн ИХТ-д 6 удаа сонгогдсон төлөөлөгч, Баруун-Урт хотын дарга асан М.Төмөрчулуун “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүд” сэдвээр тус тус илтгэл тавина.

Хуралдаанд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн нөлөө мөн хүүхэд гэр бүлийн бодлого, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлт гэх мэт сэдвүүдээр салбар хэлэлцүүлгүүд болохоор төлөвлөжээ. Тухайлбал, хүүхэд гэр бүлийн бодлогын талаарх салбар хуралдааны хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхсайхан, эрүүл мэндийн бодлогын салбар хуралдааны хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Ганмаа, боловсролын бодлогын хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлт сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Жаргалан нар удирдан чиглүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.