БНСУ-ын хил дээр эрх нь зөрчигдсөн иргэд байвал ХЭҮК-т хандахыг уриалав
БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл өчигдөр /2025.05.14/ мэдээлэл хийж, ГХЯ, ХЭҮК болон Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-нд хандан зургаан төрлийн гомдлоо шаардлагаар хүргүүлсэн билээ.
Тэднийг өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа хүлээн авч уулзжээ. Иргэдийн төлөөлөл хүний эрх зөрчигдсөн байж болзошгүй асуудлаа баримтын хамт танилцуулж, дараах хүсэлтийг уламжиллаа. Үүнд:
1. Хүний эрхийн үндэсний комисс Монгол улсын иргэний үндсэн хуульд заасан эрх зөрчигдөж буй асуудалд дүгнэлт гаргах,
2. БНСУ руу зорчих виз авсан атлаа тус улсын хил дээрээс буцаагдаж байгаа иргэдийн асуудлыг ГХЯ-аар дамжуулан шийдвэрлэх, тодруулбал, Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд өдөр бүр монголоос очиж буй онгоцнуудыг тосож, асуудал гарвал хамтарч шийдвэрлэдэг байх,
3. Хүний эрхийн үндэсний комисс биечлэн тус улсын саатуулах байрны нөхцөл байдалтай танилцах,
4. БНСУ-ын Хүний эрхийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулах,
5. Иргэдийн өгсөн хүний эрхийн зөрчлийг нотлох баримтад үндэслэн олон улсын хүний эрхийн байгуулагад хандах хүсэлтийг тавилаа.
ХЭҮК уг асуудлыг олон улсын анхааралд оруулж ажиллахаа илэрхийллээ хэмээн иргэн Соёл-Эрдэнэ цахим хуудастаа нийтэлжээ. Мөн ХЭҮК-оос бидэнд тулгарсан асуудлыг судлан үзэж холбогдох байгууллагуудад уламжлан, асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ гэжээ.
Ташрамд дурдахад БНСУ-ын хил дээр хүний эрх нь зөрчигдсөн байж болзошгүй иргэд байвал гомдлоо нотлох баримтын хамт ХЭҮК-ын Info@nhrem.gov.mn хаяг руу илгээрэй хэмээн сануулсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.