БНСУ-аас манай улсад суух ЭСЯ-аас хууль журмын дагуу виз мэдүүлж авсан ч хил дээрээс олон зуун иргэдийг ямар нэгэн шалтгаангүйгээр буцааж буй асуудал сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Өнөөдөр БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл мэдээлэл хийж эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдоос байр суурийг нь тодрууллаа.
-Монголын 252 000 иргэн хилийн чанадад байгаагаас БНСУ-д 60 шахам мянга нь байгаа. Дийлэнх нь хууль бусаар буюу харлаж амьдарч байна. Баяндаа бярдаж бусдын хуулийг зөрчиж яваа хүн нэг ч байхгүй. Монголд ажлын байр муу, шударгаар олсон орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаагаас үүдэж л хүний нутагт яваа. Энэ бол монгол төрийн бодлогын буруу. Хоёрдугаарт, тэдгээр иргэдийн эрхийн асуудал хөндөгдөнө. Монгол иргэд Солонгост хүнд хүчир хар ажил хийж олон сая долларын хөрөнгө оруулалт оруулж байна. Эргээд эх орондоо эдийн засгийн хөрөнгө оруулалт ч хийж байна шүү дээ.
Монгол иргэдийн визний нөхцөл байдлыг хөнгөрүүлэх талаас нь ярих ёстой. Би анхааралтай ажиглаад явж байна. Визний нөхцөл сайжирсан тохиолдолд хөдөлмөрийн насны залуус нь хэдэн мянгаараа гараад явчих вий гэсэн болгоомжлол байна. Уг нь бол манай улс эдийн засгаа сайжруулж, ажлын байраа нэмэгдүүлж, мөнгөний ханш уналтын эсрэг хүчтэй бодлого явуулахгүй бол Солонгос байтугай олон улс руу гарсаар л байна.
-Монгол иргэдийг хил дээрээс шалтгаангүйгээр буцааж байгаа асуудлыг та юу гэж харж байна вэ?
-Та энэ асуудлаа Гадаад харилцааны яам болон салбарын сайд Б.Батцэцэг сайдаас асуу. Нарийн тоо, хичнээн иргэн, ямар давтамжтайгаар, ямар шалтгаанаар буцаагдаад байгаа юм бэ? Солонгосын талаас ГХЯ-ны шугмаар нот авах ёстой. Хууль ёсоор дүрэм журмаар виз мэдүүлж аваад аялж яваа иргэдийн сэтгэл санаа, санхүү мөнгө, цаг хугацааны хохирлын асуудлыг Гадаад харилцааны яамны шугамаар тодруулах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.