Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ELFC гэх нэртэй коин гаргаж, бусдын хөрөнгийг татан төвлөрүүлж мэхэлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан А.Сумъяабатад холбогдох хэргийг өчигдөр хянан хэлэлцлээ.
Улмаар анхан шатны шүүхийн прокурорт буцаах захирамжийг хүчингүй болгосон юм. Ингэснээр ELFC гэх коиныг гаргагч, “Элф эдүкэйшн” ХХК-ийн дэд захирал А.Сумъяабатын гэм буруутай, эсэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэх ёстой болж байна.
Уг нь түүнд холбогдох хэргийг өнгөрсөн оны аравдугаар сард давж заалдах шатны шүүх хянаад өчигдрийнхтэй яг ижил шийдвэр гаргаж байсан билээ.
“Элф эдүкэйшн” ХХК-ийн удирдлагууд өөрсдийн гаргасан ELFC нэртэй коиныг биржээр дамжуулан борлуулахдаа виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх дотоод мэдээллийг ашиглан нууцаар арилжаанд оролцож мөнгө угаан 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон хэмээн буруутгагдсан юм. Тэд анхдагч зах зээлийн арилжаанд оролцсон 4700 гаруй хүнийг хууран мэхэлсэн хэмээн яллагдагчаар татагдсан байдаг.
Уг хэрэгт А.Сумъяабатаас гадна дээрх компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Батжинг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Гэвч Б.Батжин мөрдөн шалгах ажиллагаанаас оргож, хилээр гарч явсан учраас үйлдлийг нь тусгаарлан А.Сумъяабатад Эрүүгийн хуулийн 18.19-2.2-ын “Албан тушаалаа ашиглаж виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашигласан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.