Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байрлах Олон овоотын ордыг албан ёсоор 18.5 тонн нөөцтэй, үүнээс ч илүү нөөцтэй байх боломжтой хэмээн гадны экспертүүд тодорхойлсон. Гэвч “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Жаст групп”-ийн Ш.Батхүү агсан, “Алтжин” группийн Г.Алтан агсан гэх улсдаа толгой цохих бизнес эрхлэгчид “Олон-Овоот гоулд” ХХК-ийг байгуулж, Анод, Зоос, Хадгаламж банкуудаас зээл авч, хөрөнгө татаж, уг ордын үйл ажиллагааг сайжруулахаар болсон байдаг.
Гэвч огт сайжруулалт хийгдээгүй төдийгүй тус орд газрыг барьцаалж банкуудаас 140 гаруй тэрбум төгрөгийн зээл авч, зээлийн барьцаа хөрөнгөд анх 44 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалсан хэдий ч одоо зөвхөн найман ширхэг нь л үлджээ.
Монгол банк болон дотоодын арилжааны банкуудад асар их хэмжээний өр тавьж, үүнийгээ барагдуулахгүй арав гаруй жил явсан тул тэдний үүсгэсэн 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулахын тулд банк дундын барьцааны зүйл болох хүчинтэй үлдсэн найман ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д шилжүүлэн өгсөн ажээ.
“Минерал Эксплорейшн Фандинг” компани нь “Хадгаламж банк” ХХК дахь БЭХА-аас чанаргүй активыг шийдвэрлэх зорилгоор удирдаж байгаа “Монголын актив удирдлагын корпораци” ХХК-ийн үүсгэн байгуулсан компани юм.
Тус компанийн зүгээс дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, мэргэжлийн хүмүүстэй хамтран ажилласны үр дүнд, төрийн байгууллагуудын авлагыг багтаагаад уг 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулах зорилготой ажиллаж байжээ.
Гэвч битүүмжилсэн ордод нэг ч бүтэн хөрөнгө, үйлдвэрийн техник үлдээгүй. Бүгдийг эвдэн сүйтгэснээс гадна уурхайн жил бүр тайлагнадаг уулын ажлын төлөвлөгөө хэдэн жилээр устсан. Шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн нууцаар олборлолт явуулж, 3 тонн алт гаргасан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байжээ
Хамгийн харамсалтай нь өнгөрсөн 10 гаруй жилд үүссэн будлианыг цэгцлэх гэж аядаж байсан “Минерал Эксплорейшн Фандинг” компанийн мэдэлд байсан 8 лицензийг нэг даргын шийдвэрээр нэг өдрийн дотор, нэг гэр бүлийн хоёр компанид шилжүүлжээ.
Тодруулбал, 2025 оны тавдугаар сарын 6-нд Ашигт малтмалын ерөнхий газрын Тамгын газрын дарга Ш.Ганхуяг нь уг газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа ажлаа өгөхийн өмнөх өдөр Олон овоотын ашигт малтмалын долоон тусгай зөвшөөрлийг “Олон овоот гоулд” ХХК-д, нэг тусгай зөвшөөрлийг “Зөв зүг” ХХК-д хууль бусаар буюу гурван шатны шүүхийн шийдвэрийг зөрчин шууд шилжүүлэн олгосон байгаа юм. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/78 тоот тушаалаар шийдвэрийг гаргасныхаа маргааш нь ажлаа хүлээлгэн өгсөн гэсэн үг.
Энэхүү шийдвэрийг гаргахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д мэдэгдээгүй, арилжааны банкуудын өр төлбөрийг барагдуулах ажлыг хариуцагч Монгол банкинд ч мэдэгдээгүй. Сонсох ажиллагаа бүр огт явуулаагүй байна.
Мөн Ш.Ганхуяг нь албан тушаалаа албажаагүй байхад буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас томилгоог нь баталгаажуулаагүй байхад уг шийдвэрийг гаргасан байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.
Иймд манай сурвалжлах баг АМГТГ-ын даргаар томилогдоод удаагүй байгаа Д.Оюунцэцэгээс нөхцөл байдлыг тодрууллаа.
АМГТГ-ын дарга Д.Оюунцэцэг:
-Бүх материалыг нь тавьсан үзээд сууж байна. Цаад талаасаа Монголбанк, Зоос, Хадгаламж зэрэг банкууд яг энэ асуудлаар уулзъя гэх хүсэлт тавихаар нь нээлттэй уулзсан. Мэдээллийг сайн авсан. Хэн нэг даргын хувийн шийдвэрээр шийдсэн гэж би бодохгүй байна. Хөрөнгө оруулагч компанийн төлөөлөл хоёр хоногийн өмнө уулзсан. Нөгөө талаас тавьж байгаа асуудлуудыг ч хангалттай сонссон, бичгээр ч албажуулж авсан. Нэгжийнхээ удирдлагууд, мэргэжилтнүүдтэй уулзаж бас мэдээлэл авсан. Эцсийн байдлаар шийдвэр гарах болоогүй байна. Манай агентлаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг учраас төр засгийнхаа шийдвэрийг хэрэгжүүлээд явна. Өнөөдөр би зөв буруу гэх шийдвэр гаргах болоогүй байна.
Уучлаарай, эгч нь асуудалтай танилцаад явж байна. Амаар товч мэдээлэл аваад цаасаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Дотроосоо ч мэдээлэл авсан. Бүрэн судлаагүй байж тэр даргын үед тийм шийдвэр гарсан гэж ярих нь зохимжгүй байна. Салбарын яамны бодлогыг л дэмжинэ. Хувь хүнийхээ хувьд бол хэн нэг даргын хувийн шийдвэр гарсан гэж бодохгүй л байна. Шүүхийн маргаантай асуудлууд бол байгаа юм билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Huurhii duu ene yugaach medehgyi amitaniig ene ulsiin msh cuhal alband taviuad yu hiine gej hyleeh be turiin alband arai turshlagatai tulhtai medlegtei hyn tavidag bolmoor bna turiin alba ih hural geed surgaltiin gazar bish